ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ардчилал амьд байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-10-16

Ардчилал амьд байна. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд ардчиллын төлөө зүтгэсэн бүхний хүсэл зорилго дэмий хоосон байгаагүй гэдгийг энэ удаагийн Орон нутгийн сонгууль батлан харуулав. Тухайлбал, 21 аймгийн 10-т нь Ардчилсан нам ялалт байгуулж, цэнхэртүүлж чаджээ. Энэ бол маш том амжилт шүү. Мэдээж амаргүй цаг үед ирсэн ялалт байв. УИХ-ын сонгуулиар намын даргатайгаа хамт ялагдаж, муу муухай болгоны жишээ болж байлаа, тэд. Ардчилал ингээд л амь тасарлаа, булшиндаа орлоо хэмээн хүн бүхэн халаглаж, харамссан. Дахиад хэзээ ч өндийхгүй болгож чадлаа хэмээн олон хүн баярлаж, булшин дээр нь “таанц эргэх” нь холгүй аашилж байсан нь ч саяхных. Гэвч ардчилал амьдаар барах уу бүр хэзээ ч амь тасрахгүй гэдгээ энэ удаагийн сонгуулиар харуулчихлаа. Энэ амжилтынхаа төлөө ардчиллынхан өнөөдөр хундага өргөх ёстой юм шүү. Нийслэлийн найман дүүрэгт ялагдлаа гэж харамсах нь зүйн хэрэг. Ялагдал юунаас болсныг, яагаад ийм үр дүн гарсныг маш яаралтай шүүн тунгаах нь ч тэдний дараагийн хийх ажил юм. 

 

...21 аймгийн 10-т нь Ардчилсан нам ялалт байгуулж, цэнхэртүүлж чаджээ. Энэ бол маш том амжилт шүү. Мэдээж амаргүй цаг үед ирсэн ялалт байв. УИХ-ын сонгуулиар намын даргатайгаа хамт ялагдаж, муу муухай болгоны жишээ болж байлаа, тэд...

 

Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар ард түмэн хүчтэй сөрөг хүчинтэй байхыг чухалд үзэж буйгаа харуулав. Нийслэлийн хоёр ч дүүрэгт АН цөөхөн хэдхэн хүний саналаар ялагджээ. Анхнаасаа ч АН-ын саналыг хуваах зорилготой байгуулагдсан ХҮН-ынхан байгаагүй бол Баянгол, Баянзүрхийг авах ч боломж байсныг санаж, ардчиллын төлөөх намууд санал хуваадаг жишгийг халахын төлөө явна гэж найдъя. Хамгийн чухал нь сүүлийн 10 гаруй жил улаан байсан хэд хэдэн аймаг, тэр дундаа сумдууд цэнхэртсэн нь ард түмэн ардчилалд хайртай, ардчиллын үнэ цэн өнөө хэр үнэтэй хэвээр гэдгийг нотолсон юм шүү. Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Хөвсгөл, Булган аймагт МАН-ынхан удаа дараа ялалт байгуулж, улаанаас өөр өнгө мэдэхгүй, ах, дүү, танилын сүлжээнээс өөр ямар ч өөрчлөлтийг мэдэхгүй байсан. Харин тэдгээр газруудад ардчилал ялж чадсан нь ардчилал амьд гэдгийг харуулах том жишээ, эрх баригч намд өгсөн томоохон цохилт болов.

Нэг намын бүлэглэл оршин тогтносон байсныг бут цохиж, нураалаа. Хөгжил, шударга ёсны талаарх ойлголтгүй, дарга нарыгаа  шүүмжилж мэдэхгүй бугширсан орон зайд АН ялалтаа бэхжүүллээ. Одоо орон нутгийг хэрхэн удирдаж, хөгжүүлж чаддаг вэ гэдгээ харуулах даалгавар үлдэж байна, тэдэнд. Ардчилал ямар чухал вэ гэдгийг батлах, 2024 оны суурийг бэлтгэх хүндхэн даалгавар тэдэнд ирэв. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль ч гал гарсан тулаан дунд өрнөх нь тодорхой болов.

 

...Нэг намын бүлэглэл оршин тогтносон байсныг бут цохиж, нураалаа. Хөгжил, шударга ёсны талаарх ойлголтгүй, дарга нарыгаа  шүүмжилж мэдэхгүй бугширсан орон зайд АН ялалтаа бэхжүүллээ...

 

АН-ын саналыг нийслэлд хуваах зорилготой төлөвлөгөөт ажлаа ХҮН-ынхан ч сайн гүйцэтгэв. Өөрсдөө ч хоосонгүй үлдэв. Гэхдээ гомдоллох шаардлагагүй. Цаашид илүү их боломж байгаа. Олонхийг бүрдүүлсэн Ардын намаас нийслэлчүүд хариуцлагаа нэхнэ, хөгжил дэвшлийг шаардана. Тэд ч хичээж ажиллах нь тодорхой. Гэхдээ бид наймуулаа хэмээн гараа хумхиж суулгүй 34 төлөөлөгчтэй эрх баригчдад ташуур болж ажиллах боломж АН-д бий. 64 улстөрчийн эсрэг 9-үүлээ тэмцэж болсон юм чинь АН-ын найман төлөөлөгч сөрөг хүчний ажлаа чамбай хийж гүйцэтгэх, ардчиллын амийг таслахгүй байх үүрэг тэдэнд ирлээ. Хүмүүс ардчиллыг үгүйлж байна. Монголын ард түмэн ардчилалд хайртай хэвээр байгаа юм байна. Хүчтэй сөрөг хүчний орон зайг юу юунаас илүү үгүйлж буйгаа энэ дүнгээр харууллаа.

Тиймээс шат, шатны сонгуульд ялагдаж, өвдөг шороодсон гэж урвайлж суулгүй өнөөдрөөс эхлэн намаа өөрчлөх, шинэчлэх ажилдаа орцгооё. Намыг өмчилж, нэр төрд нь халддаг, урваж  шарвадаг бүхнээсээ салцгаа. Түүгээр ч зогсохгүй, намынхаа эсрэг зогсдог, зүтгэдэг хэн бүхнийг хөөж гарга. Хэцүү цагт зугтдаг, амжилт гарахаар ирдэг тэргүүн урвагчдаасаа салъя. Шинэчлэл нэрийн дор амбийц хөөж, эрх мэдэлд шургалдаг залуу үеэ ч намаасаа зайлуул. Шинэчилсэн шиг шинэчилж, хөөсөн шиг хөөе. Хөгшин, залуугүй хариуцлага тооцож, намынхаа шинэчлэлийг дорвитой эхлүүлье. Ингэж чадвал АН-ынханд боломж бололцоо байна. Дээд шатандаа байгаа урвагчдаасаа салах ёстойг сануулъя. Доод шатандаа ардчиллын фанатууд амьд хэвээр байгаагаа харуулчихлаа. Одоо шинэчлэл л хэрэгтэй, танай намд. Ингэж чадвал Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалтаа баталгаажуулах боломж бий. Цаашдаа улс төрийн хэрүүл тэмцлээ хойш тавьж, Ардын намын ялалтыг хүлээн зөвшөөрч, гагцхүү сайн сөрөг хүчин байх үүргээ биелүүлэх нь та бүхний нэн тэргүүний хийх ажил юм шүү.