ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Өвчний хажуугаар өөрсдөө толгойн өвчин болохоо болино уу, гишүүд ээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-11-20

Монгол Улсад цар тахал буюу “covid-19”-ын  дотоодын халдвар бүртгэгдээд арав гаруй хоног өнгөрлөө. Халдварын тархалт цаг, минутаар бус секундээр хэмжигдэж, хэн хүнгүй сандарч, үймж байна. Биднийг хэрхэх учраа олохгүй үймж  байх зуур халдвар хэдийнэ гурван оронтой тоонд хүрчээ. Холбогдох байгууллагууд бүх хүчин чадлаа дайчилж, эмнэлэг, эрүүл мэндийн газрууд бэлэн байдлаа ханган ажиллаж байгаа.

Тэд бүхэл бүтэн 11 сар цар тахалтай тэмцэж байна. Яг л тэр туршлагаараа бүхий л нөөц бололцоогоо ашиглаж, чадлаараа  тэмцэж  бас зүтгэж буй билээ. Өнөөдөр ч, маргааш ч ялархахгүй зүтгэж байна. Энэхүү зүтгэл нь нэг ч хүний алтан амийг халдварт өвчинд өгөөгүйгээс бэлхнээ харагдаж байгаа юм. Ард иргэд сахилга баттай байж,  төрийнхөө шийдвэрийг биелүүлж, өөрсдийгөө болон бусдыг хамгаалж байгааг та бид харлаа. Тиймдээ ч 11 сар цар тахлыг босгоороо давуулаагүй. Цөөн тооны хүмүүс хууль зөрчиж байгааг эс тооцвол хорио цээрийн дэглэмийг сайн сахилаа.

Гэтэл  УИХ-ын гишүүд цар тахлыг ханиадтай эндүүрч, аюулын харанга Монгол Улсад дэлдсэнийг анзаарах сөхөөгүй байх юм. Зарим гишүүд  ямар ч ойлголтгүй байгааг өчигдөр болсон чуулганы хуралдааны үеэр та бид харлаа. Халдварын талаар найман настай хүүхдээс дор мэдлэгтэй байгааг чуулганы хуралдаанаас түмэн олон харсан биз ээ. Тэд Монгол Улсад үүссэн нөхцөл  байдалд санаа зовж, ажиллахаас илүүтэй өөрийнхөө эрх ашиг, эрх ямбаны төлөө дуугарч байх юм. Цар тахалтай тэмцэх нөөц бололцоо, зорилго, зорилтын талаар ямар ч төлөвлөгөө  алга. Одоогоос хэдэн сарын өмнө Цар тахалтай тэмцэх тухай хууль гэж баталсан ч түүнийгээ уншсан, судалсан нэг ч гишүүн байхгүйг өчигдрийн хурал нотлов.

Өвчин хэзээ нэг өдөр дотоодод дэгдэх нь тодорхой байсныг хүн бүхэн мэдэж байлаа. Өнгөрсөн хугацаанд бэлтгэлээ хангах бүрэн бололцоо байсан гэсэн үг. Гэвч төрийн эрх барих дээд байгууллагуудад Монгол Улсын аюулгүй байдал, ард иргэдийн эрүүл мэндийн талаарх авч хэрэгжүүлэх арга хэмжээ алга байсан учраас өвчин яг хаяанд ирэхэд зохион байгуулалтгүй, судалгаагүй ганц нэг шийдвэр гарч тэр нь ард түмнийг бухимдуулж байна. Хэрвээ УИХ нь хуулиа мэддэг, улстөрчид нь ажлаа мэддэг байсан бол шийдвэр бүхэн нь яг таг судалгаатай гараад явах л байлаа. УОК нь хариуцлага алдаж “Энхсаран”-г дураар нь дургиулаагүй бол бид өнөөдөр ч дотооддоо барьсаар л байх байлаа.

УИХ-ын гишүүд хэдэн  бор сэтгүүлчдээсээ дор мэдээлэлтэй байна. Нэгнийхээ асуусан асуултыг давхардуулж, цээж зургаа тавьж, дотуур хувцастайгаа цар тахлын үеийн хуралдаа сууж байх жишээтэй. Шуудхан хэлэхэд, ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлаас илүүтэй хуралдаанд таслаагүй суусан нэр зүүж, асуулт асуусан болоод  хуралдааныг өндөрлөж байх юм.  Тухайлбал, УИХ-ын 2020 оны сонгуулиар Дархан-Уул аймгаас нэр дэвшиж сонгогдсон Г.Дамдинням цагдаа намайг зогсоож 30 минут хүлээлгэлээ хэмээн гоншигоносноо гэнэтхэн орой уучлалт гуйж тэнэглэв. Түүний сонгогдсон тойрогт цар тахал эрчимтэй тархаж, О зогсолт хийчихсэн. Олон өрх айл хоол, унд нь тасалдаж, түлш түлээгүй болчихоод байна. Гэтэл цагдаа намайг  танихгүй зам дээр 30 минут зогсоосон зэргээр хов зөөж, салбарын сайдад нь арга хэмжээ авахыг сануулж байх жишээтэй. Тэгвэл, Монголын толгой баячуудын нэг Ц.Цэрэнпунцаг хүүхдийн мөнгийг зогсоох санал гаргав. Засгийн газраас хүүхэд бүрд сар болгон  100 мянган төгрөг өгч байгаа нь Ц.Цэрэнпунцаг гишүүний хувьд үргүй зардал болоод зогсохгүй, танаж соён гэгээрүүлэх ажил хий хэмээн тэнэглэв. Баян байж болох ч  мэдээлэлгүй,  мэдрэмжгүй бол тэрбумтан байгаад ч яахав дээ. Түүний толгойнд олон өрх хүүхдийнхээ мөнгөөр цар тахлын үед гол зогоож суугаа гэсэн ойлголт буухгүй байгаа бололтой.

Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Нийслэлийн онцгой комисс хангалтгүй ажиллаж байна гэх зэргээр шүүмжлэлийг урсгаж байх юм. Камерын цаанаас дуртай үгээ сонгож, дуртай ишлэлээ авч, хэн нэгнийг шүүх шиг амархан зүйл байхгүй л  дээ. Тэд яаж ажиллаж, яаж зүтгэж байгааг мэдэхгүй, тойрогтоо ажиллахдаа брэндийн  алчуураар гоёдог эрхэм гишүүнд цар тахал гэдэг таны тойрогтоо  ажиллахаас ч хэцүү зүйл гэдгийг зориуд сануулъя. Хотын дарга Д.Сумъяабазар тэргүүтэй НОК-ын гишүүдийн хийж буй ажлыг та нэг өдөр, нэг цаг ч хийж чадахгүй гэдэгт мөрийцсөн  ч болж байна.

Дэлгэцийн цаанаас цар тахалтай тэмцэх шиг  амархан зүйл байхгүй ч бодит байдал дээр шийдвэр гаргах, тэр нь хүн бүхэнд таалагдах ёстой гээд олон бэрхшээл байдаг учраас Монгол Улсын парламентын гишүүд та бүхэн өвчний хажуугаар өөрсдөө толгойн өвчин болохоо болино уу. Монгол Улсын төлөө ажиллана гэж сонгогдсон атлаа түүнийгээ хийж чадахгүй бол ядахдаа шүүмжлэхээ хойш тавьж, ажлаа хийж буй хүмүүсээр нь ажлыг нь хийлгэ. Тэд та нарын муу, муухай шүүмжлэл, уран цэцэн үгтэй, үггүй ажлаа хийж байна.  Бид Төрийн ордондоо орж хуралдмаар байна, цагдаа намайг таньсангүй, хүүхэдтэй учраас зургаа өлгөчихөөд гарсан юм хэмээн тэнэг тэнэг үйлдэл, үг гаргаж байхаар зүгээр л амаа хамхиад ажлаа хийж байгаа хүмүүст битгий гай бол хэмээн захих гэсэн юм, баярлалаа.