ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ЗГ: Хатуу хөл хориог тав хоногоор сунгаж, Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-04

Засгийн газрын шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар  танилцуулж байна. Тэрбээр “Засгийн газар ээлжит бусаар хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Мэргэжлийн 11 байгууллагын эрсдэлийн үнэлгээ, санал асуулга дээр үндэслэн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгах асуудлыг Засгийн газрын хуралдаанд орууллаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр буюу тав хоногоор сунгаж, энэ өдрөөс хойш худалдаа үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн горимд оруулах шийдвэр гаргав. Түүнчлэн хөл хориог сулруулсны дараа нөхцөл байдал өөрчлөгдөхийг үгүйсгэх аргагүй. Бид бүхэн ийм тохиолдолд хатуу хөл хорионы дэглэм хүү  эргэж орно. Дэлхий нийтэд COVID-19-ийг хязгаарлаж байгаа хамгийн гол арга бол хатуу хөл хорио юм. Энэ бол эргэж буцсан шийдвэр биш гэдгийг иргэд, ААН-үүд ойлгоно гэж найдаж байна. Мөн дэлхийн олон улс орнууд уламжлалт томоохон баярыг тэмдэглэхгүй байгаа. Тиймээс манайх ч гэсэн Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. Энэ хүрээнд Улаанбаатар хотод шинээр үүсээд байгаа голомтууыг хумих, зураглалыг зөв гаргах, дэглэмийг сахиулах чиглэлд анхаарч байна. Хатуу хөл хорионы дэглэмийг сахиулж байгаа нь тархалтын хурдыг сааруулж, нийтийг хамарсан цар тахал болгохоос сэргийлж байна” гэв.