ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН:Засгийн газрын бүрэлдэхүүнийг энэ долоо хоногт багтаан шийдвэрлэнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-25

УИХ дахь МАН-ын бүлэг цагийн үеийн асуудлаар хуралдаж, шийдвэрээ гаргасан байна. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Авлигын эсрэг тухай хуульд орсон хоёр өөрчлөлтөд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан. Тухайлбал, АТГ-ын даргыг өмнө нь Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог байсан. Харин өөрчлөлтөөр Ерөнхий сайдын санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог болсон. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг МАН-ын бүлэг хүлээн авах боломжгүй.Өнгөрсөн 2019 онд Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд өөрчлөлт оруулсан. Тус өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заагдсан бүрэн эрхийн хүрээнд хуулиар эрх мэдэл олгож болно гэж заасан. 33 дугаар зүйлд найман чиг үүрэг бий. Үүнийг Ерөнхилөгч хэрэгжүүлэх бөгөөд найман чиг үүргээс өөр зүйлийг хуулиар олгож болохгүй гэдгийг Үндсэн хуульд заасан байгаа. Мөн МАН-аас 32 дахь Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэн Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр өнгөрсөн баасан гарагт хүргүүлсэн. Хуульд зааснаар Ерөнхийлөгч тав хоногт багтаан УИХ-д нэр оруулах бөгөөд хуулийн хугацаа маргааш дуусна. Шинээр томилогдсон Ерөнхий сайд танхимын бүрэлдэхүүнээ бүрдүүлэх бөгөөд Засгийн газрын бүтэц буюу яам, тамгын газарт өөрчлөлт орохгүй гэв.