ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: Ирэх намар хоёр ЯАМ шинээр байгуулна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-27

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Өмнөх Засгийн газар хуурах, бас дахин хуурах гэдэг бодлого барьсан. Ингээд эдийн засгийг хүнд байдалд оруулсан. Та дахин хуурах бодлого барих уу. Ковидын эсрэг барих төлөвлөгөө чинь юу байх вэ. "Алсын хараа-2050" гээд сайхан зүйлийг чинь өнөөдөр бодох сөхөөтэй монгол хүн алга. Тэтгэвэр, тэтгэмж, цалин тавигдах болов уу.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ: Намайг байгаагаараа байдаг хүн гэдгийг хамгийн сайн мэдэх хүн нь та байх. Сөрөг хүчин болохоор аргагүй байх. Та надтай олон улсын байгууллага, JCI-д ч хамт ажиллаж байсан. Миний залуу мөн хүүхэд насыг ч мэдэх хүн. Чадах юм аа чадна, чадахгүй юм аа чадахгүй гэж хэлнэ. Өртэй холбоотой асуудлуудын ихэнх нь хөрөнгө оруулаад явж байгаа төслүүд. Улсын төсөв 4.5 их наяд, ДНБ-ий 11 орчим хувиар тасарч байна. Түүхий эдийн үнэ өсөх хандлагатай байгаа тул цалин, тэтгэвэр тэтгэмжээ тавьж чадахгүй нөхцөлд хүрэхгүй байх гэж итгэж байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Нам харгалзахгүй туршлагатай, мэдлэгтэй, боловсролтой хүмүүстэй ажиллаж байгааг нь үнэлдэг. Одоо танхимаа бүрдүүлэхдээ үүнийгээ мөн хэрэгжүүлээрэй. У.Хүрэлсүхийн Засгийн газар хийсэн сайн ажлууд байгаа шүү дээ. Үүнийг хэрхэн үргэлжлүүлэх вэ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлын үед бүтцийн өөрчлөлт хийхийг хүсэхгүй байна. Тэгэхдээ Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжлийн яамыг нэмж байгуулна. Энэ асуудлыг намрын чуулганаар оруулна. Энэ цаг үед бол сандал суудлын асуудлыг ярихгүй.