ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Covid-19: Вакцинжуулалтад хэн эхэлж хамрагдах вэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-02-15

Засгийн газар болон НОК-ын дарга Д.Сумъяабазар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарын өгсөн мэдээллээр вакцинжуулалтыг энэ сарын 23-ны өдрөөс эхлүүлэхээр болжээ. Вакцин хадгалах нөөцлөх гурван төрлийн хөргүүр, зөөврийн сав, хүйтэн хайрцаг, стандартын шаардлага хангасан тээвэрлэх машин ХӨСҮТ-д бэлэн байгаа аж. Вакцинжуулалттай холбогдуулан аймаг, сум, дүүргийн өрхийн Эрүүл мэндийн төвийн 300 гаруй эмнэлгийн албан хаагчдыг сургалтад хамруулж бэлтгэжээ.

Дархлаажуулалтыг эхлэхээс өмнөх зохион байгуулалт, эрүүл мэндийн ажилтнуудыг бүрэн сургах, илүү цагаар ажилласан цалинг нэмэгдүүлэх, дархлаажуулалтын дараа гарч болох хариу урвалыг хянах, учирч болох эрсдэлийг тооцсон бүх бэлтгэлийг өндөр түвшинд хангах юм байна.

Манай улсын тухайд АНУ, Германы хамтарсан “Pfizer”, Оксфордын их сургуулийн “AstraZeneca”, Хятадын Синофарм, Оросын "Спутник V" вакциныг оруулж ирэхээр төлөвлөж буй юм.

Манай улс "КОВАКС" хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд “Pfizer” вакцин авах бол  гадаад улс оронтой хамтран ажиллах хүрээнд “AstraZeneca” вакциныг худалдаж авахаар бүх бэлтгэл ажлаа хийжээ. Эхний ээлжийн вакциныг эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэндийн болон төрийн тусгай алба хаагчид, архаг суурь өвчтэй, өндөр настнуудад хийхээр төлөвлөгөө гаргасныг танилцуулъя.