ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Арван их наядаас амьдралд НААЛДАЦТАЙ нь хэд вэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-02-17

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний сар шинийн баярын өмнөхөн зарласан “Эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа аврах 10 их наядын төлөвлөгөө” нь сар шинийн бууз, хуушуур, тавгийн ул боовны ярианд дарагдаад чимээгүйхэн өнгөрчихөв. Уг нь зассан тайз зэргээс нь харвал шинэхэн сонихон дээрээ их олон зүйлийг эхлүүлж, эдийн засгаа аврах төлөвлөгөөг иргэддээ хүргэх гэж хичээсэн нь илхэн байсан юм, хөөрхий. Мөнгө нэг бүрийнхээ задаргаанд хүртэл сэтгэл гаргасан атал монголчууд харин машины зөвшөөрөл, коронагийн шинжилгээ, валетины шоколад ярьсаар анхаарлын гадна орхижээ. Улс орных нь хувь заяа хаашаа эргэж буйг, үнэхээр яриад байгаа 10 их наяд нь өнөө маргаашгүй бэлэн болоод эдийн засагт эргэлдэх үү гэдгийг анхаарах сөхөөтэй хүн байгаагүй учраас цагаа олоогүй төлөвлөгөө нь царцчих вий хэмээн санаа чилээж сууна. Авууштай нь энэ Засгийн газар амьдрал хаа хаанаа хэцүү болсныг, өмнөх Засгийн газраас өр бас дахин өр, дефолт үүсэх шахсан эдийн засаг хүлээж авсан гэдгээ ил шулуухан хэлчихлээ. Өмнөх Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гялтайх гавьяа байгуулаагүйг нуусангүй. Тиймээс үнэнээ дэлгэж тавьж байгаад илүү жинтэй хөдлөх нь ээ гэсэн хүлээлт байгааг нуух юун. Хэрвээ энэ хөтөлбөр жинхэнэ утгаараа хэрэгжсэн тохиолдолд иргэн Доржийн амьдралд бага ч болтугай нэмэр болох заалт олон бий. Эсрэгээрээ энэ бүхний ард хэдэн төгрөг, хаашаа алга болох вэ хэмээн хардах хэд хэдэн асуудал ч багтсан байх юм. Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 10 их наядыг олохдоо,

-Хармагтайн ордоос 1 их наяд

-“Эрдэнэс Тавантолгой”-гоос 2 их наяд

-Засгийн газар бонд босгож 1 их наяд

-Эх үүсвэр тодорхойгүй буюу Төв банк мөнгө нийлүүлэх зарчмаар 6 их наядыг олно гэсэн өөдрөг төсөөлөл зуржээ.

Гэвч, Хармагтайн ордыг ямар хуулийн заалтаар хэнд зарж 1 их наядыг олох вэ гэдэг зураглал алга. Салхитын мөнгөний орд шиг төр эзэмшилдээ аваад мөнгө олно гэсэн таамаг төдий асуудлаар ийм том амлалт өгч болохгүй билээ. “Муу л бол хойд талын хар овоохой” гэгчээр төмөр зам, агаарын бохирдол гээд улсын хамаг л сайн сайхан, муу муухай асуудалд чадлаараа санхүүжилт гаргаж буй “Эрдэнэс Тавантолгой” дахиад ийм том эрсдлийг өөр дээрээ үүрч, 2 их наядыг эдийн засагт амь тариа байдлаар нийлүүлж чадах эсэх нь эрсдэлтэй. Дотоод, гадааддаа хил гаалийн асуудлаас үүдэн нүүрсээ бүрэн дүүрэн нийлүүлж чадахгүйд хүрсэн, эдийн засгийн хямралтай цаг үед төмөр замын санхүүжилтийг бүрэн даасан, иргэддээ олгох хувьцааны ногдол ашгаа ч өгч чадахгүй байгаа компани дахиад ийм ачаалал үүрч чадах эсэхэд Л.Оюун-Эрдэнэ сайд хариулт өгөөгүй билээ. Монгол Улсын нийт өрийн хэмжээ ДНБ-ий 60 хувьд хүрчихсэн цаг үед дахин бонд босгох эрсдэлийг шинэ залуу Ерөнхий сайд тооцсон гэж найдъя.


 

“Залуус-I, II,III”-аас илүү “Солонго-I, II”-оо босгоё, Ерөнхий сайд аа

 

Өмнө хэлсэнчлэн эгэл иргэн Доржийн амьдралд наалдаж болох төлөвлөгөө нь орон сууцжуулах хөтөлбөр юм. Гүйцэтгэх засаглалын тэргүүн энэ хөтөлбөрт 3 их наядыг буюу хамгийн их мөнгө төсөвлөжээ. Ингэхдээ төрөөс газрыг үнэгүй олгож, дэд бүтцийг нь бүрэн холбож, нэг маягийн нэгдсэн зурагтайгаар “Залуус-1,2,3” хорооллыг барих бөгөөд ипотекийн зээлд бүрэн хамруулна гэж тооцсон аж. Ипотекийн зээлд гэхэд л сар тутам 100 тэрбумыг гаргах гэнэ. Сэрчихгүй бол үнэхээр сайхан зүүд шүү. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч зоригтой байна. Зургаан хувийн хүүтэйгээр орон сууцны ипотекийн зээлд ямар ч төрийн дарамт, татлаа түлхээгүй хамрагдана гэвэл алгаа ташаад дэмжихэд бэлэн. Гэвч УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хэлсэнчлэн “Ямар ч тохиолдолд Засгийн газар нь УИХ-аас давж шийдвэр гаргах эрхгүй” билээ. Төрийн мэдлийн тэр том газар хаана байгаа, түүнд зориулсан дэд бүтцэд хэдэн тэрбум шаардлагатайг УИХ-аар хэлэлцэх асуудал үүснэ. Энэ шийдвэр гарч, санхүүжилт бүрэн босох хүртэл “Залуус-1,2,3” нь зөвхөнЕрөнхий сайдын мөрөөдөл төдий байгаа юм. Эсрэгээрээ стратегийн ач холбогдол бүхий төслүүд дунд цохиж яваа “Солонго-1, 2” хорооллын бүтээн байгуулалт харин амьдралд илүү ойрхон явж буй.

Энэхүү бүтээн байгуулалтын газар нь тодорхой болчихсон. Мөн манай Засгийн газраас их наядаар нь санхүүжүүлэх жагсаалтад оруулах төсөл ч биш.

БНСУ-ын 500 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр Хан-Уул дүүргийн X хорооны нутагт баригдах “Солонго-1, 2” төсөл шаваа хэдийнэ тавьчихаад санхүүжилтээ хүлээж буй. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар мөнгө нь орж ирсэн ч эдийн засгийн хямралын үед гацаах нэрийдлээр өөр тийш зарцуулагдсан байх магадлалтай юм билээ. БНСУ-ын нэн хөнгөлөлттэй зээлээр санхүүжих “Солонго-1,2” төсөл, Баянголын аманд баригдах орон сууцны төсөл нь нийлээд 554 000 ам.долларыг зарцуулах бөгөөд манай талаас мөнгө гаргахгүй. Зөвхөн газар л үнэгүй олгох билээ. Гэтэл энэ төслийг 2 их наядын жагсаалтад оруулсан байгааг бид анхаарсангүй. Мөнгө нь хаашаа алга болж, яагаад төрийн дэмжлэгээр босгох төсөл дунд орж ирснийг эрэн сурвалжлахад гэмгүй. Хэрвээ эдгээр гурван төслийг Ерөнхий сайд шуурхайлж, санхүүжилтийг олгож гэмээнэ 7002 айлын орон сууцны асуудлыг шийдчихнэ. Нэмээд ипотекийн зээлийн санхүүжилтээ хэвийн явуулж, зах зээлд борлогдохгүй байгаа 40 гаруй мянган эзэнгүй барилгыг компаниудтай нь тохиролцон зах зээл рүү оруулж ирвэл алс хэтийн “Залуус” хорооллыг хүлээхгүйгээр асуудлыг нааштай шийдэх боломж харагдаж байна.


 

50-60 мянган залуусыг вакумжуулах хөтөлбөр буюу хэтэрхий жул санаа

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эдийн засгийн хүнд цаг үед нөхөн олговор байдлаар өрх бүрт 1 сая төгрөг олгох саналыг УИХ, Засгийн газарт хоёр ч удаа гаргаад “хад мөргөсөн”. Тэд мөнгө байхгүй, бэлэн мөнгө тараах боломж алга хэмээн мэдэгдсэн билээ. Гэвч Ерөнхий сайдын хямралыг гэтлэх төлөвлөгөөнд багтсан залуусыг ажлын байраар дэмжих 500 тэрбумын хөтөлбөр нь 1 сая төгрөг бэлнээр олгохтой агаар нэг, бүр түүнээс ч жул санаа болон суужээ. Тодруулбал, энэхүү хөтөлбөрийн хүрээнд 5000 ажилгүй залууг нэг сарын хугацаанд вакумжуулсан орчинд сургах гэнэ. Хөтөлбөр гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 50-60 мянган залуусыг хамруулна гэж тооцжээ. Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан 5000 залуусыг сар бүр вакумжуулсан сургалтад хамруулж мэргэжил олгох бөгөөд төгсөөд гарахад нь 1.000.000 төгрөг олгож, ажилд авсан аж ахуйн нэгжид мөн урамшуулал өгөхөөр тусгажээ.

Залуус ажилгүй байгаа нь үнэн. Энэ хөтөлбөр үр дүнгээ өгч гэмээнэ талархах хүн олон бий. Гэвч сарын хугацаанд юу сурах вэ. Төгсөөд ажлын байранд гарлаа гэхэд тэдэнд ямар ажил олдох вэ. Нөгөөх л барилгын засал чимэглэл, тоосго өрөх ажил олдоно. Цалин өгөхгүй, морь нохой мэт ажиллуулчхаад алга болдог барилгын эзэд л ажилд авах нэрийдлээр төрөөс хэдэн төгрөг авчхаад алга болох маш том эрсдэл бий.

Манай залуус барилгын шавар өрөх ажлыг Өмнөд Солонгост ч хэдэн мянгаараа хийж буй. Барилгын коллеж ч хэдэн зуугаар нь мэргэжилтэн бэлтгэж байгаа. Гагцхүү дотооддоо ийм ажил хийхээр цалингаа цагтаа өгдөггүй зэрэг олон шалтгааны улмаас ажилд орохоос татгалздаг. Тиймээс энэхүү хөтөлбөр ямар ч үр дүнгүй болох вий гэсэн болгоомжлол байгаа юм. Хэтэрхий жулдсан санаа ч байж мэднэ. Цүнхэнд явдаг барилгын компанитай хэдэн хүний халаасыг зузаалж, ажилгүй тэнэж буй залуус сар карентилагдаад 1.000.000 төгрөг аваад алга болох үр дүнгүй, замбараагүй байдал руу түлхэж мэдэх учраас маш сайн тооцоолсон гэж найдъя.


 

ЖДҮ-г дэмжих зээл нь жинхэнэ эзэндээ хүрээсэй

 

Эдийн засгаа аврах 10 их наядаас хамгийн чихэнд чимэгтэй мэдээлэл болж дуулдсан нь ажлын байр нэмэгдүүлэх зээл болон ЖДҮ эрхлэгчдийг дэмжих зээлийн санхүүжилт юм. Энэ хүрээнд гурван том хөтөлбөр хэрэгжихээр яригдсан байгаа.

Тодруулбал,

-Хармагтайн 1 их наяд, Засгийн газрын баталгаа 1 их наядаас санхүүжилт босгож “Ажлын байрыг нэмэгдүүлэх” хөтөлбөрийн хүрээнд зээл гаргана. Гурван жилийн хугацаанд, жилийн 3 хувийн хүүтэй аж ахуйн нэгжид олгох юм. Эхний нэг жилд зээлийн үндсэн төлөлтөөс чөлөөлснөөр аж ахуйн нэгжүүдийг хямралаас аварч, ажлын байрыг хамгаална гэж төлөвлөжээ.

-Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбумын зээл нь дотроо гурван бүлэгт олгогдоно. Нэгдүгээрт, хаврын тариалалтыг дэмжих буюу тариаланчдад олгох 100 тэрбумын зээл нь нэг жилийн хугацаанд хэрэгжинэ. Жилийн 3 хувийн хүүтэй. Малчдыг дэмжих, ноолуурын бэлтгэлийн зээлд тус бүрт нь 200 тэрбумын санхүүжилт олгох бөгөөд 1-3 жилийн хугацаанд мөн л 3 хувийн хүүтэй олгогдох аж. Харин өрхийн тариалан хөдөлгөөн өрнүүлж, 10.5 мянган тонн хүнсний ногооны үрийн дэмжлэг үзүүлэхээр тус, тус төлөвлөжээ.

-2 их наядын дахин санхүүжүүлэх репо төлөвлөгөө буюу зээлийн хүүгийг зөрүүг дахин санхүүжүүлэх замаар хоёр жил дэмжлэг үзүүлнэ гэлээ. Ингэснээр ажлын байр хадгалагдаж, зээлдэгчийн төлөх хүүгийн хэмжээ, хувь буурах бөгөөд 10.5 хувийн хүүтэйгээр зээл гаргана гэж тооцоолжээ.

...Энэ гурван төлөвлөгөө нь бодит амьдралд хэрэгжвэл хэчнээн сайхан бэ хэмээн олон хүн алгаа ташиж буй. Гагцхүү ЖДҮ-г дэмжих зээлийг жинхэнэ эзэнд нь хүргэх талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маш сайн анхаарах ёстой болно. Өмнөх шиг УИХ-ын гишүүд нь тэрбум, тэрбумаар хуваагаад хүртчих вий гэдэгт цаг ямагт анхаарал хандуулж, зээлийг эзэнд нь хүргэх, эргээд эдийн засагт орж ирэх хувь нэмрийг тооцоолох шаардлага үүснэ. Малчдын гол эх үүсвэр болсон ноолуурын үнийг унагахгүйн тулд дэм тус болох, томоохон үйлдвэрүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж гэмээнэ 300-400-гаар нь ажилтнаа цомхотгох асуудал ч багасна. Мөн Монгол Улсыг хөдөлгөгч хүч болж буй уул уурхайн салбараа ч анхаарч, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх асуудлыг орхихгүй гэж найдъя. Үүний тулд стратегийн том төслүүдийг хөдөлгөнө гэсэн мессеж өгч буйд туйлаас талархалтай хандаж байна. Хамгийн гол нь Монгол Улс самбар дээр зурсан шиг ийм гоё хөтөлбөрийг төсөвтэйгөө уяхгүйгээр хэрэгжүүлж хараахан чадахгүй нь үнэн. Хэдийгээр зурсан зураг, олж харсан салбар нь оновчтой хэдий ч үүнийг төсөвтэйгөө уяж, эрсдэлээ тооцох шаардлага тулгарч л таарна. Тийм учраас эдийн засгаа аварч, эрүүл мэндийг хамгаалах 10 их наядаа эхлээд төсөвтэйгөө уялдуулаасай хэмээн Ерөнхий сайдаас хүсэж байна. Үргүй зардал, ашиггүй хөрөнгө оруулалтаа танаж, цар тахлын үед тохирсон төсөв баталж чадвал эдийн засгийн уналтын оношилгоо, эмчилгээ маш энгийн байна гэдгийг олж харсанд нь баяр хүргэе. Эдийн засгийн дампуурлаас гарахын тулд аль салбараа эмчлэх вэ гэсэн зураг бол “гоё” байна аа. Харин зургийг хэрэгжүүлнэ гэдэг нь зурахаас ч илүү зуу, зуу дахин хэцүү учраас мөнгөө эхлээд олцгооё.