ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Коронавирусын ВАКЦИНЫ талаар таны мэдэх ёстой бүх мэдээллийг НЭГТГЭЛЭЭ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
1 өдрийн өмнө

Монгол Улсын Засгийн газар болон УОК-ын зүгээс иргэдийг ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн вакцинаар хоёр үе шаттай вакцинжуулах ажлыг өнөөдөр /02.23/  эхэлж, долдугаар сар гэхэд бүрэн дуусгана гэх мэдээллийг өгөөд байгаа билээ. Өнөөдөр морин цагт /11.40/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оксфордын Их сургуулийн эрдэмтэд болон Их Британи-Швед улсын хамтран гаргасан, Энэтхэгт үйлдвэрлэсэн “Астразенека” вакциныг өөртөө тариулсны дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон эрүүл мэндийн яамны ажилтан, цагдаагийн албан хаагчид тариулах юм. Коронавирусын эсрэг вакциныг өнөөдрийн байдлаар дэлхийн 4 улс орон үйлдвэрлэснээс хоёрыг нь ДЭМБ хүлээн зөвшөөрөөд байгаа ажээ.

Тодруулбал,

-АНУ, Германы хамтарсан “Pfizer” /ДЭМБ хүлээн зөвшөөрсөн/

-Их Британи-Швед болон Оксфордын их сургуулийн “AstraZeneca” /ДЭМБ хүлээн зөвшөөрөхдөө БНСУ болон Энэтхэг улсад үйлдвэрлэснийг нь хүлээн зөвшөөрсөн/

-БНХАУ-ын Синофарм” /Монгол Улс эмийн бүртгэлдээ оруулсан/  

-ОХУ-ын "Спутник V" /Монгол Улс эмийн бүртгэлдээ оруулсан/

...Эдгээр дөрвөн вакцинаас иргэд өөрийн сонголтоор хийлгэх бөгөөд эхний ээлжинд Энэтхэг улсаас “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд өчигдөр өглөө “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд МИАТ-ийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 150 мянга/тун “Астразенека” вакцин ирснийг иргэддээ хийж эхлэх нь ээ. Тэгвэл уншигч та бүхэнд вакцинтай холбоотой нэгдсэн мэдээллийг өгөхөөр бэлтгэлээ.

ДАРХЛААжуулалтын тухай хууль /2000.04.20/

-11 дүгээр зүйл: Тархвар судлалын заалтаар хийх сэргийлэх тарилга

11.1 Халдварт өвчин гарч болзошгүй нөхцөлд тархвар судлалын заалтаар иргэдэд нэмэлт дархлаажуулалт хийнэ

11.2 Тархвар судлалын заалтаар сэргийлэх тарилга хийх хугацаа, журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага  батална.

ВАКЦИН гэж юу вэ

-Халдварт өвчний эсрэг өвөрмөц дархлал үүсгэдэг бэлдмэлийг вакцин гэнэ. Коронавируст "Ковид-19" халдварын эсрэг вакцин нь халдвараас сэргийлэх, тархалт, хүндрэл эндэгдлийг бууруулах зорилготой.

-ХӨСҮТ нь үндэсний хэмжээнд вакцин хадгалах зориулалтын төв агуулахтай бөгөөд хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Мөн аймаг, сум дүүргийн эрүүл мэндийн байгууллага бүр вакциныг хөргөгч, хөлдөөгч, зөөврийн сав хэрэглэн ард иргэдийг вакцинжуулах үйл ажиллагааг зохион байгуулдаг.

-Дэлхий дахинд “Ковид-19”-ийн эсрэг 232 вакцин хөгжүүлэх ажил хийгдэж байгаа.

-Эдгээрээс ДЭМБ АНУ, Германы хамтарсан "Pfizer/bioNTech", Их Британи-Швед, Оксфордын Их сургуулийн эрдэмтдийн хамтарсан "AstraZeneca" вакциныг хэрэглээнд зөвшөөрсөн.

-“Pfizer/biontech” нь -70 хэмд хадгалж тээвэрлэх, 2-8 градус хэмд 5 хүртэл хоног хадгалах горимтой. 6 хүн/тунгаар савлагдсан, 0.3 мл-ээр тарина. 18-аас дээш насныханд 21 хоногийн зайтай хоёр тунгаар тарина.

-AstraZeneca вакцин нь гүн хөлдөөгчинд хийх шаардлагагүй, 2-8 хэмд хадгалдаг.

“КОВАКС” гэж юу вэ

-“Ковид-19” халдварын эсрэг вакциныг улс орнуудад тэгш хүртээмжтэй хангах хөтөлбөрийг “Ковакс” гэж нэрлэжээ. Халдвар авах өндөр эрсдэлтэй хүмүүст үр дүнтэй аюулгүй вакциныг хурдан хүргэхээр ДЭМБ болон бусад хамтрагч байгууллагууд “Ковакс”-аар дамжуулан ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрт дэлхийн 180 гаруй улс орон нэгдсэн бөгөөд манай улс 150 мянган/тун вакцинаа энэхүү хөтөлбөрийн хүрээнд хүлээж авлаа.

-Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс 188.940 тун вакцин авах ёстой. Үүний 163.200 тун нь Астразенека. Үлдсэн 25.740 тун нь Pfizer/bioNTech юм байна.

КОРОНАВИРУСын вакциныг яагаад хийлгэх ёстой вэ

-Вакцин таныг “Ковид-19”  халдварт өртөхөөс хамгаална. Вакцин хийлгэсний дараа халдвар авсан ч өвчин хүндрэхээс сэргийлнэ. Вакцин хийлгэснээр ойр дотныхондоо болон бусдад халдвар тараахаас сэргийлэх боломжтой.

Коронавирусын вакциныг яагаад ХОЁР тунгаар хийх ёстой вэ

-Эхний тунгийн дараа хүний дархлааны тогтолцоо вирусыг таних чадвартай болдог. Энэ үед дархлаа хангалттай тогтоогүй байна. Хоёр дахь тунгийн дараа хариу урвал улам хүчирхэг болж, дархлаа тогтоно. Халдвараас сэргийлэхийн тулд вакциныг хоёр тунгаар хийлгэх ёстой.

-Вакцины үйлдвэрлэл, төрлөөс шалтгаалан тодорхой товлолоор хийдэг. Тухайлбал, Pfizer-BioNTech Ковид-19 вакциныг 18-аас дээш насныханд 21 хоногийн зайтай 0,3 мл хоёр тунг хийлгэнэ.

Вакцин ДАНГААРАА коронавирусын халдвараас сэргийлэх үү

-Вакцин+Гар угаах+Хүн хоорондын зай барих+Амны хаалт хэрэглэх = “Ковид-19”-өөс бүрэн сэргийлнэ.

Дэлхий дахинд ҮР ДҮН гарсан уу

-Дэлхийн 78 улсад 176 сая/тун вакцин хийгдсэн  

-Дэлхий дахинаа өдөрт 6 сая хүн вакцин хийлгэж байна

-Израйль улс хүн амынхаа 70 хувийг вакцинжуулж, өнөөдрөөс хэвийн амьдралын горимд шилжлээ. Энэ нь нийт хүн амаа вакцинжуулсан хамгийн өндөр үзүүлэлт

-Дэлхий дахинд вакцин хийж эхэлснээр халдварын тархалт 17-22 хувь буурсан.

Вакцин хийлгэхийн өмнө АНХААРАХ ЗҮЙЛС

-"Ковид-19" халдварын эсрэг вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх

-Дулаан хувцаслах

-Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх

-Вакцинжуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх

-Эмчийн үзлэгт орох

-Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтанд байх

-Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих.

Вакцин хийлгэсний дараа ямар хариу УРВАЛ үзүүлэх вэ

-Вакцин хийлгэсний дараа хэсэг газрын болон биеийн ерөнхий махбодийг хамарсан хариу урвал өгч болно.

-Хэсэг газрыг урвал гэдэг нь тариулсан хэсэгт өвдөх, хавдах, улайх, вакцин хийлгэсэн гарын суганы тунгалгийн булчирхай  хавдах зэргийг хэлнэ. 

-Халуурах, ядрах, толгой өвдөх, бүх бие, үе мөч өвдөх, маш ховор тохиолдолд харшлын урвалыг ерөнхий бие махбодийн урвал гэнэ.

-Эдгээр нь 2-3 хоногт аяндаа зүгээр болно.

Вакцин хийлгэсний ДАРАА анхаарах зүйлс

-Вакцин хийлгэсэн хэсэгт хүрэхгүй, хөндөхгүй байх

-Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх

-Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

-Халдвар хамгааллын дэглэм барих /Амны хаалт зүүх, гараа ариутгах, хүн хоорондын зай барих/

-Халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах

-Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут зэргээр жин тавихгүй байх \

-Давтан тунгаа товлолт хугацаандаа хийлгэх

ЗОРИЛТОТ бүлэг гэж хэн бэ

ДЭМБ-аас гаргасан вакцины зорилтот бүлэг:

- Эрүүл мэндийн байгууллагын ажилтан

-Халдварын голомтод ажиллаж байгаа онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллагын ажилтан

-50 ба түүнээс дээш насны хүмүүс, архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд

Монгол Улсын Засгийн газраас гаргасан вакцин хийх хүн амын жагсаалт:

-Эрүүл мэндийн салбарын нийт ажилчид 56.047

-Хариу арга хэмжээний үед ажиллаж буй бусад салбарынхан /Цагдаа, онцгой байдал/  52.750

-50-аас дээш насны хүн ам 583.545

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 230.781

-Суурь өвчтэй хүмүүс /Зүрх судас, чихрийн шижин, хорт хавдар г.м/ 276.937

-Дайчлах боломжтой ажиллагсад /вакцинжуулалт, хариу арга хэмжээний багт ажиллах/  65.937

-Стратегийн ач холбогдолтой салбарын ажилчид /уул уурхай, хил гааль, нүүрс тээврийн жолооч нар/  329.687

-Бүх шатны боловсролын байгууллагын ажилтнууд 69.234

-Вакцин хийлгэх шаардлагатай бусад хүн ам  313.202

 

Вакцинтай холбоотой НЭМЭЛТ мэдээлэл

 

- Pfizer/BioNTech компаниудын хамтран бүтээсэн шинэ вакцин АНУ, ХБНГУ, Бразил, Аргентин, Өмнөд Африк, Турк зэрэг дэлхийн зургаан өөр орны нийт 43,500 сайн дурынханд туршигдах явцдаа эрүүл мэндийн ямар нэгэн ноцтой гаж нөлөө үзүүлээгүй.

-Нийт хамрагдагчдын эхний бүлэг хүмүүсийн 90 гаруй хувьд КОВИД-19 өвчнөөс хамгаалах дархлаа тогтоож чадсан

-ДЭМБ-аас баталгаажуулсан Pfizer вакцины үр дүн 95 хувьтай бөгөөд тарилгын өвдөлт болон толгой өвдөх, даарах, булчин өвдөх шинж тэмдэг илэрсэн.

акцин хийлгэсэн хүмүүс дундаас хоёр хүнд сөрөг нөлөө илэрсэн нь харшилтай холбоотой байсан тул харшилтай хүмүүст хийхгүй байх түр зөвлөмж гаргаад буй. 

- Монгол Улс Ковид-19-ийн эсрэг вакцин авч хүн амаа дархлаажуулах ажилд 226 тэрбум төгрөг зарцуулна.

-Улс орон бүр вакцины судалгааны мэдээлэлд дүн шинжилгээ хийж, хүн амын дунд вакцин хийх зөвшөөрөл олгох эсэхийг шийддэг. Зөвшөөрөл олгосны дараа тухайн улс дархлаажуулалтад нэн даруй хамрагдах шаардлагатай. Вакцины үр дүн, аюулгүй байдлыг байнга хянадаг.

-Вакцины найрлагад нөөшлөгч бодис, тогтворжуулагч, гадаргуугын идэхт бодис, вакцины үйлдвэрлэлийн явцад хэрэглэгдсэн бодисуудын маш бага мөр төдий үлдэгдэл хэсгүүд ордог. Зарим вакцинд шингэлэгч ордог.

-Астразенека вакциныг өнгөрсөн онд туршихад тунгаас шалтгаалан харилцан адилгүй үр дүнтэй байгаа нь тогтоогдсон. Хамгийн сүүлийн судалгаагаар 90 хувийн үр дүн үзүүлсэн.

-Вакцины туршилтад хамрагдсан хүмүүсээс одоогоор биеийн байдал нь хүндэрч, коронавирус тусаж эмнэлэгт хүргэгдсэн хүн байхгүй.

-Астразенека вакциныг өнгөрөгч нэгдүгээр сарын 04-нд албан ёсоор ашиглаж эхэлсэн. Үнийн хувьд бусдаас хямд, хадгалах уян хатан нөхцөлтэй.