ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН, МАХН-ын удирдлагууд Чингис хаан болон Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-01

МАН-ын 100 жилийн ойг тохиолдуулан тус намын болон МАХН-ын удирдлага, гишүүд өнөөдөр Чингис хаан болон жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "МАН төв Азийн улс төрийн намууд дотроо анхны нам гэж хэлж болно. Намаар дамжиж улс төр явдаг энэ хэлбэр рүү шилжинэ гэдэг бол хүн төрөлхтөний улс төрийн түүхийн хөгжил талаасаа том дэвшил байсан. Азидаа анхны намуудын нэг бүгд нийлж зохион байгуулалттайгаар бодлогоо боловсруулдаг болно гэдэг бол өөрөө том дэвшил. Бид 100 жил гэж ярьж байна. Гэхдээ энэ 100 жилийн дотор өмнө нь хэчнээн мянган жил байгаагүй богино хугацаанд хөгжилд хүрсэн. Зөвхөн үйлдвэржилт босоод зогсохгүй хүний эрүүл мэнд, боловсролын асуудал бий. Тухайлбал, хүний дундаж наслалт 35 байсан бол 70 руу дөхөөд явж байна гэдэг нь эрүүл мэндийн тогтолцоонд шинэ өөрчлөлт гарсантай холбоотой.Монгол Улс гадаадаас хамааралгүй болж тусгаар тогтносон, иргэд нь төрөөсөө чөлөөтэй болсон. Энэ нь маш том амжилт. Энэ амжилтыг бүгд хамтдаа 100 жилийн дотор бүтээлээ. Сүүлийн 100 жилд манай улс үсрэнгүй хөгжилд хүрсэн нь бидний өмнөх болон бидний үеийнхний хувь нэмэр гэж бодож байна. Үүнд улс төрийн ууган намын үүрэг их байсан" гэв.