ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын гурван хүнийг СУЛЛАХ шийдвэр гаргажээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-03

Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарыг хорих ангиас суллах хүсэлтийг хэлэлцжээ. Энэхүү хүсэлтийн дагаа шүүхээс Ж.Эрдэнэбатад хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авч, суллах шийдвэрийг гаргажээ.  Түүнчлэн нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  өнгөрөгч сарын 26-нд Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарыг суллах эсэхийг шүүсэн ч  шүүх хүлээж аваагүй билээ. Учир нь “Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нар хоёрдугаар сарын 19-нд Дээд шүүхийн тогтоолоо гардаж авсан учраас гуравдугаар сарын 21-ийг  хүртэл талууд гомдол гаргах 30 хоногийн  хугацаатай.Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах 30 хоногийн хуулийн хугацаа өнгөрөөгүй байгаа нь анхан шатны шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх хууль зүйн боломжгүй” гэж үзсэн байдаг.

 Хэргийг сануулахад, УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгааны үеэр  МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг АТГ-аас баривчилж, хорьсон билээ. Тэгсэн ч сэлэнгэчүүд түүнийг УИХ-ын гишүүнээр сонгож, итгэл үзүүлсэн  байдаг. Халдашгүй бүрэн эрхтэй хэрнээ ял эдэлж байгаа цорын ганц УИХ-ын гишүүн бол Ж.Эрдэнэбат. Түүнийг шүүхээс  улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон байдаг. Тиймээс Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  өнгөрөгч оны долдугаар сард нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасч, зургаан жил хорих ял оногдуулсан  билээ. Дараа нь давж заалдах шатны шүүхээс ялыг  хэвээр үлдээж байв. Тухайлбал, шүүхээс Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Засгийн газрын 2017 оны 256 тогтоолоор “Элбэг орд” ХХК-д нөхөн төлбөрийн зориулалтаар олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өөрийн дүүтэйгээ хамтран эзэмшдэг “Хэрх илч” ХХК-д шилжүүлэн авсан гэх үндэслэлээр ялласан юм. Мөн  “Азаргын гол чонот” ХХК”-д нөхөн төлбөрийн зориулалтаар ашигт малтмал хайх найман тусгай зөвшөөрөл олгож, тус компанид давуу байдал бий болгосон асуудлаар буруутгасан байдаг. Түүнчлэн  “Элбэг орд” ХХК-д холбогдох асуудлын тухайд өөртөө болон өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсөд давуу байдал буй болгосон бөгөөд тухайн талбай нь УИХ-ын шийдвэрийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарч байхад  тус компанид олгосон гэж буруутгагджээ. Харин “Азаргын гол чонот” ХХК-д давуу байдал олгосон гэх үйлдэлд буруутгасан үндэслэлээ “Азаргын гол чонот” ХХК-ийн үүсгэн байгуулагч, шүүгдэгч Б.Отгонбаатартай урьдчилан тохиролцож,  тус компанид тусгай зөвшөөрлүүдийг хууль зөрчин олгох, авах ажиллагааг хамтран зохион байгуулсан гэж тайлбарласан байна. Тиймээс шүүхээс Ж.Эрдэнэбатыг гэм буруутайг нотолсон  54 баримтыг шийдвэртээ нэрлэн заажээ.