ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ард түмний аминаас ч үнэтэй ЕРӨНХИЙЛӨГЧИЙН сонгууль

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-07

Монгол Улсад Ерөнхийлөгчийн сонгууль болоход ердөө сар гаруйхан хугацаа үлджээ. Мэдээж төрийн тэргүүний эрх мэдлийн төлөө намууд өрсөлдөх нь зүй ёсных биз. Аль алинд нь ялахын их хүсэл буцалж байгаа нь тодорхой байна. Гэвч цаг хугацааны хувьд сонгууль бус иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө аль,  аль нь хүслээ дарахгүй бол цар тахалд улсаараа нэрвэгдэх нь ээ. Улаанбаатар хот бүхлээрээ голомт боллоо. Хэн ч халдвар авахгүй гэх баталгаагүй болсон гэсэн үг. Саарал ордноос эхлээд хорих ангийн битүү өрөөнд хүртэл цар тахал тархлаа.

Халдвар өдөрт 500-гаас дээш бүртгэгдэж, нас баралтын тоо эрчээ авч эхэллээ. Одоогийн байдлаар 17 халуун амь цар тахлаар хорвоог орхиод байна. Энэ хэвээр цааш үргэлжилбэл, өдөрт 25-30 хүн цар тахлаар нас барж, 1000-4000 хүртэл халдвар бүртгэгдэнэ  гэж мэргэжлийн байгууллага сануулж, хатуу хөл хорио тогтоохыг зөвлөж байгаа юм. Засгийн газар хатуу хөл хорио тогтоож, халдварын голомтоо хумиж чадахгүй бол цар тахалд нэрвэгдэж, эмнэлэг болон эмчийн хүрэлцээ муудаж, эрүүл мэндийн салбар бүхлээрээ унана гэж анхааруулж буй.

Тэгвэл, Засгийн газар буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний “Эдийн засгаа аврахаар хөл хорио тогтоохгүй. Харин вакцинжуулалтаа эрчимжүүлнэ” гэж 20 гаруй хоног гүрийсний гороор Улаанбаатар төвтэй 17 аймаг халдварын голомт болжээ. Хатуухан хэлэхэд, Л.Оюун-Эрдэний шийдэлгүй, зоримог бус, тодорхойгүй байр сууриас болж, Монгол Улс эдийн засаг ч үгүй, иргэд нь эрүүл мэнд ч үгүй цар тахалдаа дарлагдсан орон болохоор боллоо. БНХАУ нүүрсний татан авалтаа хэд дахин бууруулж байна. Уул уурхайдаа найдсан төсвийн орлого тасалдаад, алдагдлаа барьж дийлэхгүй болов. Иймдээ тулчхаад эдийн засаг ярьж, иргэдийнхээ эрүүл мэндийг гаргуунд нь хаясан Ерөнхий сайдаас шийдэл хүлээгээд нэмэргүй болжээ. Мэдээж ард нь МАН-ын дарга У.Хүрэлсүхийн  заавар бий.

...Хөл хорио тогтоохгүй, цар тахлыг туулах үүрэг өгсөн байхыг ч үгүйсгэхгүй. Хамгийн багадаа гэхэд Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл хөл хорионы асуудлыг хойшлуулсан биз. Иргэд аж ахуйн нэгжийн орлого, ашгийн талаар яриад ч хэрэггүй. Туйлдаа хүрч, уналтын цэгтээ нэгэнт тулаад байна. Хэрэв энэ сэдвийг хөндөх юм бол Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан өрх бүрд 1 сая төгрөгийн тусламжийг шийдвэрлэх болно. Харин хөл хорио тогтоохгүй бол халдварын  тархалт эцэстээ хүрч, цаашилбал, сонгуулийн ирц бүрдэх эсэх нь эргэлзээтэй...

Тиймээс ахынхаа хүслийг биелүүлэх гэж байр сууриасаа хазайхгүйг хичээж байгаа байх. Тэглээ гээд гуравхан сая гаруй хүний эрүүл мэндийг ганцхан сонгуулиар дэнчин тавьж, хүч үзэж байгаа эрх баригчид ичээч ээ. Харин энэ бүхний дараа иргэд нь эрүүл мэндгүй, улс нь мөнгөгүй утгаараа элгээрээ мөлхөхдөө тулчихаад байна. Үнэнийг хэлэхэд, ингэж цар тахалтай тэмцэхгүй. Ингэж эдийн засгаа аврахгүй ээ, Ерөнхий сайд аа.