ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Үүрцайх: Цэцийн шийдвэрийг оролцогчид мэдээгүй байхад мэдээлж байгаа нь Цэцэд нөлөөлж буй нэг хэлбэр

O.Admin
2021-04-16

Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин сонгуульд нэр дэвших боломжтой эсэхийг шийдэх Цэцийн дунд суудлын хуралдаан дөнгөж эхлээд хойшилсон байна. 

Учир нь таван гишүүний бүрэлдэхүүнтэй болох тус хуралдаанд нэг гишүүн нь оролцохоос татгалзсан учраас хойшлуулжээ. Ингэхдээ дараагийн хурлын товыг нарийвчлан тогтоолгүйгээр хурлыг өндөрлүүлсэн байна. 

 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр одоогийн  Төрийн тэргүүн болоод өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших боломжгүй хэмээн хэд хэдэн хуульчийн зүгээс Цэцэд гаргасан. Тодруулбал, Д.Үүрцайх нарын нэг хэсэг байгаа бол О.Мөнхсайхан хуульчийн зүгээс ч мөн Цэцэд хандсан  юм. 

Өнөөдрийн хуралдаанд оролцсон хуульч Д.Үүрцайх, “Цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлуулчихлаа. Яагаад хойшлуулж байгаа талаараа ямар ч мэдээлэл өгсөнгүй. Ц.Нанзаддорж гишүүн  хуралд оролцохоос татгалзсан  гэж ойлголоо. Гэтэл хуралд оролцсон бид ямар ч мэдээлэл авч чадаагүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр аль хэдийнэ  Цэцийн шийдвэрийг мэдээлчихсэн байх юм. Энийг Ерөнхийлөгч Х.Баттулгын талаас мэдээлэл тараасан гэж ойлгож байна. Тэр хүмүүс  биднээс илүү Цэцийн шийдвэрийг мэдэж байна шүү дээ. Дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүнийг ч  бидэнд мэдээлсэнгүй.  Ц.Нанзаддорж хуралд оролцохоос татгалзана гэдгийг нөгөө тал мэдээлээд, аль хэдийнэ мэдээ тараад эхэлсэн байна гэдэг Цэцэд нөлөөлж буй нэг хэлбэр” гэлээ.