ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АТГ авлигатай бус, Л.Оюун-Эрдэнэ гишүүнтэй тэмцэж эхэллээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-24

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын гэх бичлэгийн талаар тайлбар авахаар АТГ-ын даргад хандсан байдаг. УИХ-ын даргын Улс төрийн бодлогын ахлах зөвлөх Б.Гүнбилэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “60 тэрбум”-ын хэргийг АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаад, гэмт хэргийн шинжгүй болохыг тогтоосон тухай мэдээлсэн. Гэхдээ УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ энэ талаар ямар ч мэдээлэлгүй байгаа тул гишүүний бүрэн эрхийн хүрээнд тус хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн талаар албан ёсны мэдээлэл авахыг хүссэн юм.

Гэвч, АТГ-аас эсрэгээрээ Л.Оюун-Эрдэнэ гишүүнд хариуцлага тооцуулахаар гомдол гаргажээ.

Тодруулбал, долдугаар сарын 23-ны өдөр АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцанд хандан гомдол гаргасан албан тоот илгээсэн байна.

Тэрбээр албан тоотдоо хариуцлага тооцох гурван үндэслэлийг тусгажээ. Тодруулбал, “Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон нэр бүхий гишүүд Авлигатай тэмцэх газрын хууль, эрх зүйн чиг үүргийг илт гуйвуулан мушгиж, уг асуудлыг "...Авлигатай тэмцэх газар дангаараа бие даан шийдвэрлэж байгаа, улс төрийн нөлөөллөөр уг хэргийг болон аливаа хэрэг гомдол мэдээллийг дур мэдэн дарагдуулан замхруулж байна" хэмээн гүтгэж, олон нийтэд мэдээлж байна. Хоёрдугаарт, Авлигатай тэмцэх газрын даргыг огцруулах, чөлөөлөх эрх УИХ-ын гишүүн төдийгүй хэн нэгэн этгээдэд олгогдоогүй тул тодорхой хуулиудын холбогдох заалтыг зөрчиж байна.

Гуравдугаар, Л.Оюун-Эрдэнэ болон нэр бүхий гишүүд УИХ-аас томилогддог албан тушаалтныг огцруулах, түүнийг томилсон УИХ-ын шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага нэрээр Авлигатай тэмцэх газрын удирдлагад болон үйл ажиллагаанд илэрхий улс төрийн дарамт, шахалт үзүүлж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гүтгэж доромжилсон ёс зүйгүй үйлдлийг удаа дараа гаргаж байгаа нь Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйл заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна” гэжээ.