Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар өнөөдөр Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” төр хувийн хэвшил, хөрөнгө оруулагч нарын чуулга уулзалт болж байна. Уулзалтын үеэр Монгол Улсын өнгөрсөн хоёр жилийн эдийн засгийн уналт, сэргэлт, цаашдаа цар тахалтай хэрхэн дасан зохицох талаар төрийнхөн болон хувийн хэвшлийн төлөөллүүд үг хэлж, санал бодлоо хуваалцаж буй юм.
Тухайлбал,
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
-Цар тахлыг хохирол багатай даван туулж, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын нягт үр дүнтэй нэгдмэл хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал байна. Тиймээс та бүхэн эрхэлсэн ажилдаа эзэн ёсоор хандаж, улс төржилтөөс ангид байж, төрийн байгууллагын хүнд суртал дарамт шахалтыг халж, сахилга бат, дэг журмыг чанд сахиж ажиллах шаардлагатай байна.
Цар тахлын улмаас эдийн засаг өнгөрсөн онд 4.5 хувиар агшсан ч энэ оны эхний хагас жилд 6.3 хувиар өсч, сэргэлт ажиглагдаж эхэллээ. Энэхүү сэргэлтэд гадаад орчин багагүй нөлөө үзүүллээ. Засгийн газар 2020-2021 онд 7.8 их наяд төгрөгийн өртөгтэй арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд айл өрх, ААН-үүдийн цахилгаан, дулаан хогны төлбөрт 1.1 их наяд төгрөг зарцуулсан.
Энэ нь цар тахлын хүнд үеийг даван туулахад ихээхэн дэмжлэг болсон хэмээн ард иргэд талархан ярьдаг. Мөн эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөний хүрээнд нийт 3.6 их наяд төгрөгөөр эдийн засгаа дэмжиж 245 мянга гаруй ажлын байрыг хадгалсан нь богино хугацаанд чамлахааргүй үр дүн юм” хэмээн онцлов.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Цар тахал грек цагаан толгойн хаана хүрч дуусахыг бид мэдэхгүй. Эрүүл мэндээ анхаарахын сацуу эдийн засгаа ч хамтад нь анхаарч явах, бодит үнэнтэй нүүр тулах, цар тахлыг даван туулах цаг ирлээ. Түүхий эдийн ханш төсөөлснөөс өндөр өсөлттэй байгаа ч экспортыг эрчимжүүлж байж хүндрэлээс гарна. Цар тахлын нэн хүнд нөхцөлд та бид амьдарч байна. Энэ үеийг эвлэлдэн нэгдэж, эрсдэлийг боломж болгож байж даван туулна. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гишүүд асуудлыг нэг цонхоор харж байгаа. Тийм учраас өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс зөвлөмж гаргасан. Дэлхийн эдийн засаг уналттай, түүхий эдийн үнэ өсөлттэй байснаас үүдэж инфляц өссөн байна.
Манай улсын эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар агшсан нь 1990-ээд оноос хойш тохиолдсон хоёр дахь том агшилт юм. Цар тахал дэлхийн бүх улсад хүндрэл учруулж байна. Өмнө нь бүсийн хэмжээний хямрал болдог байсан бол энэ удаад нэг ч улс цар тахлыг тойроогүй.
Дэлхий даяар тээвэр логистикийн үйл ажиллагаа удааширлаа. Учир нь дэлхийн улс орнуудын вакцинжуулалт харилцан адилгүй байна. Иймд, улс орнуудын тавьж буй тээврийн шаардлага, дүрэм журам ялгаатай байна. БНХАУ гэхэд ирэх онд өвлийн олимпыг зохион байгуулах тул хил гаалиа хатуу хяналт дор ажиллуулж байна. Цар тахал гэдэг бол хөдөлгөөний хязгаарлалт, эдийн засгийн агшилт юм гэдгийг бид бүгд харлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Монгол Улсын төр, засаг нэг цонхоор, нэг зүгт харж буй түүхэн цаг үе бол өнөөдөр. Өөрөөр хэлбэл, боломжийг бодит үр дүн болгох нөхцөл бүрдээд байна.
Өнгөрсөн 30 жилийн туршлага сургамжаа цэгнэж, КОВИД-ын нөхцөлөөс үүссэн бодит байдлаа тооцож үзсэний үндсэн дээр эдийн засагтаа хувьсгал хийж, алсын хараагаа цэгцлэх хэрэгтэй гэсэн дүгнэлтийг Улсын Их Хурал хийсэн.
Тиймээс эрх зүйн, эдийн засгийн, нийгмийн бодлогын гурван хувьсгал хийх зорилтыг дэвшүүлж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ зорилтоо хэрэгжүүлж эхэлсэн. Эрх зүйн хувьсгалт шинэчлэл гараандаа гарсан. УИХ-аас эрх зүйн, эдийн засгийн, нийгмийн бодлогын гурван хувьсгал хийх зорилтыг дэвшүүлж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ зорилтоо хэрэгжүүлж эхэлсэн.
Эрх зүйн хувьсгалт шинэчлэл гараандаа гарсан. Одоо энэ эгзэгтэй нөхцөлд эдийн засгийн шинэчлэлийг эхлүүлэх түүхэн үе ирлээ гэж харж байна. Цаашид, Эдийн засгийн хөгжлийн яам байгуулж ажиллана. Мөн УИХ-д хэлэлцэхээр хүлээгдэж байгаа хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжих, цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн хуулийн төслүүд бий. Хуулийн төслүүдэд хувийн хэвшил, салбар бүрийн саналыг тусгах хүрээнд мэргэжлийн холбоодтой нь хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.