Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар Боксын холбооны Ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалтныг томилох хурлын дараа болсон хүлээн авалтын үеэр архидан согтуурч, хүнд жинд тулалдаж байсан хоёр тамирчинд зодуулсан гэх мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан билээ. Улмаар маргааш нь Боксын холбооноос мэдээлэл хийж “Э.Цэндбаатар удаа дараа сахилгын зөрчил гаргасан учраас шигшээ багаас хасаж буйгаа” мэдэгдсэн байдаг.
Тэгвэл тамирчин Э.Цэндбаатар “Улаан бал” нэвтрүүлэгт оролцож тухайн өдөр юу болсон, зодоон хэнээс эхэлсэн, гавьяатын тэмдгийг нь хэн хуваасан тухай ярьж, Э.Цэндбаатар зодуулж буй, ухаан алдсан бичлэг олон нийтэд түгсэн юм. Энэ даруй сошиал хэрэглэгчид Э.Цэндбаатарыг тамирчныг өмөөрч дэлхийн аваргад явуулах ёстой, мөн Монголын боксын холбооны шинэ тэргүүн Х.Нямбаатар болон Удирдах зөвлөлийн гишүүн Э.Бадар-Ууган нарт хариуцлага тооцох асуудлыг хөндсөн билээ. Тэгвэл тамирчдыг архидуулсан гэх асуудалд холбогдсон УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд, Боксын холбооны Ерөнхийлөгч Х.Нямбаатар энэ асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Есдүгээр сарын 05-ны өдөр намайг Боксын холбооны Ерөнхийлөгчөөр сонгосон хурал тарсны дараа “Элит” төв дээр 130 хүн 1, 2 дугаар хоол идээд тарсан. Тэр өдөр болсон үйл явдал тэр юм. Тэгтэл тухайн өдрийн шөнийн 02.00 цагт Цагдаагийн хэлтэст дуудлага ирсэн юм билээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагынхан очиход хэсэг хүмүүс архи ууж, хоорондоо зодолдсон байдалтай байсан гэсэн.
Өнөөдөр ч гэсэн зөрчил шалгагдаж байгаа гэсэн. Улаан бал нэвтрүүлгээр намайг архи уулгаад, зодолдуулсан мэтээр ташаа эвлүүлэг явсан юм билээ. Ямар ч тийм үйл явдал болоогүй. Хуралд суусан 130 хүн нэгбүрчлэн хариулт өгөх байх аа. Боксын холбооны Удирдах зөвлөл 19 гишүүнтэй, би бол ороод дөнгөж найм хонож байгаа хүн. Э.Цэндбаатар тамирчинд тус зөвлөлөөс удаа дараа анхааруулга, сануулга өгч байсан юм билээ. 4-5 удаагийн зөрчил гаргаж, бусад баг тамирчдад буруу үлгэр дууриалал үзүүлж байна гэж үзээд шигшээ багаас хасах шийдвэр гаргасан юм билээ.
Асуудлыг оруулж ирсэн учраас би хурлыг даргалж, хамтын шийдвэр гаргасан. Удирдах зөвлөлийн гаргасан шийдвэр зөв гэдэгт би бат нот итгэлтэй байна. Тэр орой тулааны рингэн дээр гарч байгаа тамирчдаас ганцхан Э.Цэндбаатар л байсан юм билээ. Бусад нь бүгд зодог тайлсан тамирчид байсан. Спорт бол сахилга бат. Хэн нэг сэтгүүлчийн сэтгэл хөдлөлөөр асуудлыг шийдэхгүй. Боксын холбоог удирдаад би цалин авахгүй. Дараагийн олимп хүртэл биднийг удирдаад өгөөч гэсэн хүсэлт гаргасныг хүлээж авсан” хэмээлээ.