ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Мягмардаш: С.Эрдэнэд АН-аас гишүүн хөөх эрх байхгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-13

Өнөөдөр Ардчилсан намын байранд тус намын гишүүд болох З.Энхболд, Ц.Туваан, Н.Батхуяг, Д.Өсөхбаяр, М.Батжаргал, Р.Нямдорж нарыг 4 жилийн хугацаатай хөөсөн гэх мэдээлэл гарсантай холбогдуулан хэвлэлийн хурал зарлан тайлбар хийлээ. Энэхүү хэвлэлийн бага хуралд АН-ын Үндсэн дүрмийн хорооны дарга Д.Мягмардаш, дүрмийн хорооны гишүүн Ш.Чинзориг нар оролцлоо.

Тэрбээр, "АН-ын Үндсэн дүрмийн хорооны дүгнэлтийн дагуу нэр дурдсан гишүүдийг дөрвөн жилийн хугацаатай намын бүртгэлээс хассан гэх мэдээллийг өгөөд байгаа нь буруу ташаа мэдээлэл.

Одоо ажиллаж буй Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороон 2017 оны АН-ын VII их хурлаар батламжлан дөрвөн жилийн хугацаатай томилсон бөгөөд уг дүрмийн хорооны гишүүдийг 2021 оны дөрөвдүгээр сард дахин сунгасан. Д.Мягмардаш даргатай үндсэн дүрмийн хороо нь албан ёсны дүрмийн хороо юм.

Ардчилсан намын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ нь 2020 оны зургадугаар сарын 26-ны өдөр өөрийн хүсэлтээр намын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Уг өргөдлийг АН-ын Үндсэн дүрмийн хороо 2020 оны долдугаар сарын 3-ны өдөр хэлэлцэн Үндсэн дүрмийн 3.10-т заасан нөхцөл байдал үүссэнийг тогтоон баталгаажуулсан" хэмээлээ.

Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ нь Монгол Улсын Дээд шүүхэд 2021 онд өөрийгөө Ардчилсан намын даргаар сэргээн бүртгүүлэхээр гурван удаа хүсэлт хүргүүлсэн ч тухай бүрт С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар бүртгэхээр татгалзсан байдаг аж.