ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АТГ: С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн шалгаж байна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-25

АТГ-аас сар бүрийн 25-нд  цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийж, олны анхаарал татсан зарим хэргүүдийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгдөг уламжлалтай. Тэгвэл өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад дараах байдлаар хариулав.

-Ерөнхий сайдын туслах байсан, одоо МИАТ компанийн дэд захирал Н.Энхбаатарыг 600 сая төгрөгийн авлига авч байгаад баригдсан гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Э-г өмнө нь хийж байсан ажилтай нь холбогдуулан саатуулаагүй. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй. АТГ бүх үйл ажиллагаагаа прокурор байгууллагын олгосон зөвшөөрлийн хүрээнд явуулдаг. Бид ямар нэгэн нам эвсэл улс төрийн зорилгоор үйл ажиллагаа явуулдаггүй. 

-Авлига авч байгаад газар дээрээ баригдсан гэдэг нь үнэн үү?

-Хэвлэл мэдээллээр гараад байгаа "600 сая төгрөг авч байгаад үйлдэр дээрээ баригдсан" гэх асуудал байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байна. Авлига албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Прокурор, шүүх шийдвэрээ гаргаж байж бид дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. 

-Олон нийтийн анхаарлын төвд байгаа хэргүүдийг шалгаж байна гэж байгаад хэрэгсэхгүй болгож байна. Үүний нэг жишээ нь 60 тэрбумын хэрэг. Энэ талаар тайлбар өгөөч?

-Прокурорын байгууллагаас энэ хэргийн талаар тодруулах нь илүү зөв байх. Томоохон хэргүүд замхраад байна гэх шүүмжлэл их ирж байгаа. Авлига албан тушаалын хэрэг алга урвуулахын хооронд хурдан шалгагдаад шийдэгддэггүй. 

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон С.Баяр нарыг мөрдөн шалгах ажиллагаа ямар шатанд байна вэ?

-Ч.Сайханбилэг болон С.Баяр нарыг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Тусгаарлагдсан хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа тодорхой хэмжээнд хийгдсэн. Прокурор үнэлэлт дүгнэлт өгөөд одоо гадуур шалгагдаж байна. Ингэснээр хилээр гарах, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглосон. Дуудаж байцаалт, мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж байна.

-АТГ-ын дарга Х.Энхжаргал Ерөнхий сайд асан С.Баяртай уулзсан бичлэг цахимаар тархсан. Энэ уулзалтаас үүдэж С.Баяр мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлсөн гэх хардлага үүсгээд байна?

-АТГ-ын дарга хэрэгтэй танилцах эрхтэй байдаг. Яллагдагчтай прокурорын хяналтын дор өрөөндөө уулзах ажиллагаа явагдсан. Ерөнхий сайд асан С.Баяр өөрөө уулзах хүсэлт тавьсан. Энэ уулзалт  бол иргэн хүний өөрт оногдсон эрхийнх нь хүрээнд явагдсан ажил. Түүнээс мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн зүйл биш. Яллагдагч өөрөө зарим асуудлыг анхаарч өгөөч гэсэн хүсэлт тавьж уулзсан.