ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

З.Нарантуяа: Төсвийн мөнгөөр туйлж буй төрд хяналт тавих туршлагатай улстөрч хэрэгтэй байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-08

УИХ-ын нөхөн сонгуулийн 18 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Б.Гарамгайбаатар гэх туршлагатай улстөрчөө дэмжихээр АН-ын нөлөө бүхий лидер улстөрчид ч энэ өдрүүдэд Хэнтий аймагт ажиллав. Тэдний нэг нь АН-ын лидер эмэгтэй улстөрч болох УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа юм.

Тэрбээр, өчигдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр сумдад ажиллаж, АН-ын гишүүд болон тус намыг дэмждэг иргэдтэй уулзан, нэр дэвшигчээ дэмжихийг уриалав. Жаргалтхаанчууд энэ жил сонголтоо дахин баталгаажуулахаар ярилцжээ. Учир нь тус суманд орон нутгийн сонгуулиар АН-ын залуус ялалт байгуулж, сум орон нутгаа хөгжилд түүчээлэн ажиллаж байгаа аж. Тиймдээ ч сөрөг хүчний дуу хоолойг төрд хүргэх нэр дэвшигчээ нутаг, нугаараа дэмжиж байгаагаа дуулгав.

Дээрээ хэдийгээр АН-ын цөөхөн хэдхэн улстөрч зөрчилдсөн ч орон нутагт тийм зөрчил огтхон ч байхгүй эв түнжинтэй улс төрд эвийн хүчээр оролцож байгаад нь УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа онцгойлон талархал илэрхийлж, цаашдаа намын зөрчлийг арилгахын төлөө бусдыгаа уриалан ажиллаж, АН-ыг дэмждэг мянга мянган гишүүд, дэмжигчдийнхээ урмыг хугалахгүй хүчирхэгжинэ гэдгийг амлав. Учир нь гишүүн асан З.Нарантуяагийн хувьд хоёр талд суусан намаа эвлэрүүлэх ажлын хэсэгт оройлон оролцож, 100 мянган гишүүдийнхээ гарын үсгийг цуглуулан тууштай ажилласны үр дүнд АН-ынхан ирэх арваннэгдүгээр сарын 05-ны өдөр буюу Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр эвлэрлийн Их хурлаа хийж, нэг даргатай болохоор шийдвэр гаргасныг намынхаа гишүүд, дэмжигчдэд дуулгалаа.

Өмнөдэлгэрчүүд намчирхалд туйлдаж байна гэв

Тэгвэл өмнөдэлгэрчүүд олон жилийн турш нутгийн хүү Их аварга Б.Бат-Эрдэнэ, Хэнтий нутгийн хүү Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх нарыг дэмжиж иржээ. Харин энэ удаа бол  тэднийг нутаг орныхоо төлөө ажиллаач хэмээн чихнээс нь хонх уяж, чимээ өгч байх сөрөг хүчний төлөөллийг Их хуралд илгээж, өмнөх сонголтоо өөрчилнө хэмээж байлаа. Өмнөдэлгэр сумын тухайд сум дотроо шинэ замтай, гэрэлтүүлэгтэй, шинэ цэцэрлэг, сургуулийн барилга баригдсан гээд бүтээн байгуулалт чамгүй хийгдэж байгаа ч нэг нам дангаар төр барьсан цаг үед намчирхал чинээндээ тулсныг нутгийн иргэд хэлж байсан юм. Ардын намыг өмчилсөн хэдхэн хүмүүс тэнд дураар дургиж, Ардын намын гишүүн л бол мэргэжлийн байхаас үл хамааран ажилд ордог, тэдний алдааг шүүмжилсэн нь буруудаж, гадуурхагддаг тогтолцоо бий болсон гэлээ. Тиймдээ ч энэ бол байж болохгүй зүйл гэдгийг ил тод шулуухан хэлэх сөрөг хүчний дуу хоолойг хэнтийчүүд үгүйлжээ. Жаргал зовлонгоо ний нуугүй ярьсан өмнөдэлгэрчүүдийн үгийг сонссоны дараа УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа үг хэлсэн юм.

Тэрбээр, “Өнөөдөр ганцхан нэр дэвшигчээ дэмжиж ирсэн гэхээс илүү үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хувийн өмч, шударга өрсөлдөөн, эдийн засгийн эрх чөлөөний талаар өөрийнхөө бодлыг та бүхэнтэй хуваалцах гэж ирсэн юм. Сонгууль гэдэг хэнээр өөрсдийн эрх чөлөөг хамгаалуулж, ирээдүй хойчийнхоо хувь заяаг хэнд даатган чиглүүлэх вэ гэдгийг сонгодог хариуцлагатай ажил. Монголчууд сонгууль хийж сурсан учраас хэнийг сонгохоо ч мэднэ. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдлаас харвал та бүхэн хариуцлагатай сонголтын өмнө иржээ. Улс төрд МАН-ынхан 65 суудал авч үнэмлэхүй олонхиор төрийг удирдаж байгаа ч 1990 онд баталсан Үндсэн хуулийн суурь зарчим алдагдаж байгаа учраас хүчтэй сөрөг хүчин, ардчиллыг хамгаалах, хүний эрхийн дуу хоолой болох зангарагтай, туршлагатай улстөрч бас сөрөг хүчинд үгүйлэгдэж байгаа.

АН хүчгүй, сул байна гэж шүүмжилж байгаа хүмүүс бол илүү эрч хүчтэй, дуу хоолойгоо чангаар гаргадаг байгаасай гэж хүсдэг учраас шүүмжилж байгаа юм. Тэгвэл нөхөн сонгуульд өрсөлдөж байгаа АН-ын хоёр лидер улстөрч болох Б.Гарамгайбаатар, Э.Бат-Үүл нар тэр орон зайг нөхөж чадна гэж бид итгэж, та бүхэнд илгээсэн юм шүү.

Өнөөдөр Хэнтий нутгаас сонгогдсон улстөрчид Монгол Улсыг хөтөлж явна. Эрх баригч хүчний улстөрчдөд бид бодитой л хандах хэрэгтэй. Хийж байгаа сайн зүйлийн хажуугаар хэлэх ёстой саар зүйл ч олон бий. Хэнтийчүүд минь одоо та бүхэн төр удирдах багаа алаглуулж нэг сонгоод үзээрэй. Хэнтий нутгийн бүх хүний төлөөлөл тэнд очиж суух юм шүү. Зөвхөн нэг намаа дахиад сонгох юм бол нийт сонгогчдын 50-иас илүү хувийг төлөөлж байгаа иргэдийн дуу хоолой тэнд очихгүй байх вий. Төрийн буруу бодлого, эдийн засгийн хяналтгүй байдал, төсөв мөнгөний хяналт, ковидоор далимдуулж мөнгө угаасан хяналтгүй төрд хяналт тавих хүн бол Эдийн засгийн байнгын хорооны дарга, АН-ын бүлгийн дарга асан Б.Гарамгайбаатар гэж би итгэж байна, та бүхэн ч итгээрэй” хэмээлээ. Мөн эрх баригч намын эдийн засгийн буруу бодлого, ковидын үед авсан буруу арга хэмжээнээс үүдэн 1260 гаруй иргэнээ алдсан асуудал гээд цаг үеийн олон асуудлаар өмнөдэлгэрчүүдтэй санал бодлоо хуваалцав. Үүний дараа боловсролын тогтолцоо, сөрөг хүчний зөрчил, тэтгэвэр тэтгэмжийн асуудлаар иргэдийн асуултад хариулж, бизнес эрхлэгчидтэй уулзлаа.

Өмнөдэлгэр сумын иргэн С.Гомбо:

-Ахмадууд бид төрдөө хаягдлаа. Шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсээр байхад бидний тэтгэвэр нэмэгдэхгүй юм. Сөрөг хүчний буюу АН-ын гишүүд энэ талаар дуугармаар байна. Манай тойрогт нэр дэвшиж буй Б.Гарамгайбаатар маань энэ талаар тууштай дуугарах байх аа. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэгчээр АН-ынхан хуваагдал зөрчлөө арилгаж, ард түмний дуу хоолойг төрд хүргэх сөрөг хүчний ажлаа хиймээр байна шүү гэж хэлье. Оффшорчдын мөнгийг бас оруулж ирмээр байна.

УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа:

-Өнгөрсөн жилийн төсвөөс гэхэд л 5.6 их наядыг нийгмийн халамжид зарсан атлаа хөдөлмөр эрхлэх хүмүүстээ 70 гаруй тэрбумыг л зарцуулсан байгаа юм. Ахмадуудын тэтгэвэр нэмэх, хөдөлмөр эрхлэх чадваргүй иргэд, эсвэл гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүдээ халамжлах гэхээс илүү ажил хөдөлмөр эрхлэх чадамжтай залууст халамж өгөөд байгаа нь буруу. Сонгууль болохоор л элдэв төрлийн халамж нэмж гаргаад, 20, 30 мянгаар халамжилдаг тогтолцоо яваад байна. Би УИХ-д сууж буй намынхаа гишүүдэд заавал дуулгаж, энэ талаар бодлого боловсруулан ажиллахыг сануулъя. Тэтгэвэр, нийгмийн халамжийн бодлогодоо шинэчлэл хийх цаг нь болсон.

Миний бие намаа эвлэрүүлэх ажилд оройлон оролцож, Х.Тэмүүжин, Б.Пүрэвдорж нарын гишүүдтэйгээ хамтран 100 мянган гарын үсэг цуглуулах ажлыг жил гаруйн хугацаанд хийлээ. Ирэх сард нэг толгойтой нам болж, зөрчлөө шийднэ гэдэгт итгэлтэй байна. Авлигатай тэмцэх ажилд эрх барьж буй нам ажил хийгээгүй.

Харин ч ЖДҮ-гээс мөнгө луйвардсан улстөрчид нь албан тушаал дэвшээд суучихлаа. Ерөнхийлөгч асан Х.Баттулга энэ талаар маш сайн ажилласан. Одоо энэ ажлыг үргэлжлүүлээч гэдгийг Хэнтий нутгаас сонгогдсон Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаасаа маш сайн шаардах хэрэгтэй шүү. Ерөнхийлөгч шударга ёсыг бий болгоно, авлигатай тэмцэнэ гэж сонгогдсон. Энэ ажлаа хийгээч гэдгийг бид маш сайн шахна аа, та бүхэн ч бас шахаарай.

Өмнөдэлгэр сумын иргэн Г.Лхам:

-Нэр дэвшигчээ дэмжинэ ээ. Гэхдээ ганц нэг зүйл тодруулъя. Боловсролын тогтолцоог өөрчлөх талаар АН-ын гишүүд дуугармаар байна. Чанаргүй их дээд сургуулийг цөөлж болохгүй юу. Орон нутагт намчирхал хэрээс хэтэрлээ. Намын гишүүн биш л бол ямар ч том сургууль төгссөн байлаа гээд ажил олдохгүй юм. Харин намын гишүүн бол сургууль төгсөөгүй байсан ч ажилтай болдог тогтолцоог өөрчлөх цаг нь болсон баймаар.

УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа:

-Боловсролын салбар 2015 оноос хойш зургаа дахь сайдынхаа нүүрийг үзэж байна. Таван жилд зургаан сайд гэдэг маш тогтворгүй байгааг илэрхийлнэ. Бодлого нь ч завхарсан. Ковидын нөхцөл байдлаас болж зайн сургалтад шилжсэнээс хойш хүүхдүүд ч бас хаягдлаа. Одоо энэ салбарт Л.Энх-Амгалан сайд ажил хийнэ гэж итгэж байна. Эрх барьж байгаа нам боловсролын салбартаа анхаарч чанаргүй их дээд сургуулиа цөөлнө гэдэгт итгэж байгаа.

Сөрөг хүчний улстөрчид ч асуудлыг ил тод гарган тавьж ажиллах учиртай. Би таны саналыг намын гишүүдэд уламжилна аа. Та бүхэн ч бас төрд өөрсдийн төлөөлөл болгож илгээсэн улстөрчдөд энэ талаарх саналаа өргөх бичгээр эсвэл өөрсдөө уулзаж хэлж, ярьж байгаарай. Тэд бол та нарын дуу хоолойг төрд хүргэх гэж сонгогдсон хүмүүс шүү. Төрийн албаны мерит зарчим алдагдаж, хавтгайрсан улстөржилт болчихсон, нам дагасан нь ажилд томилогдож байгаа энэ мэт буруу асуудлыг би ч бас танай тойргийн улстөрчдөд заавал уламжилж хэлье.

Өмнөдэлгэр сумын иргэн:

-Ардын нам яах вэ. Тэд бүгдээрээ хэн гэдгээ харуулчихсан, хулгайч нар. Хамгийн гол нь АН яагаад сонгууль болохоор л гарч ирдэг юм бэ. Та нар ард түмэнтэйгээ нэгдэх ёстой шүү дээ. Анхан шатнаас нь эхлээд л Ардын намын цүнх баригчид л ажил хийдэг болчихлоо. Гэтэл энд ирсэн хүмүүсээ хар л даа. Ардчиллыг зүрх сэтгэлээрээ дэмждэг хэдхэн настай хүн л алдаа, оноотой нь хамт сууж байна. Бусад нь ардчилалд гомдсон шүү.

2024 онд АН-ынхан үнэхээр ялмаар байгаа бол маргаашнаас эхлээд гудамжиндаа гарч ард түмэнтэйгээ хамт тэмц. Ядарсан тэднийхээ сэтгэл санааг дэмжих ёстой биз дээ. Одоо массаараа АН-ыг үзэх ядаж байгаа, тийм байлгах гэсэн троллууд ч ажиллаад эхэлчихлээ. Хувийн өмчтэй иргэдээ үзэн яддаг боллоо. Би АН-ыг маш ихээр буруутгаж байна.

АН-ыг дэмждэг гэж хэлэхээс иргэд айдаг боллоо. УИХ-д суугаа 9-хөн хүн та нар төрд нөлөөлж чадахгүй ээ. Тиймээс гудамжинд гараад иргэдтэйгээ хамт тэмц л дээ. Яагаад дотроо тамгаа булаалдаад суугаад байгаа юм. Өчигдрөөс л нэг ухаан орж жагсаж, цуглаж байна. Тэнд очмоор байгаа ч баригдаад явахаас айж байна шүү дээ. Гэтэл найман сая төгрөгөөр ковид эмчилж байхад та нар тамгаа булаалдаад л сууж байлаа. Ард түмэнтэйгээ хамт яваач гэж хэлье.

УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа:

-Үнэн үг гашуун ч эм байдаг. Хатуу боловч бидний үнэнийг маш тодорхой хэлсэн чамд маш их баярлалаа. АН-ын мянга, мянган жирийн гишүүдийн л үг. АН-ын удирдлагууд, үе үеийн төлөөлөл, намын гишүүдийн итгэл дэмжлэгээр төрд сууж байсан, намаа хоёр гурав хуваасан хүмүүс энэ үгийг сонсоосой гэж хүсэж байна. Өнөөдрийг хүртэл намын гишүүдийн дэмжлэгээр улс төрд явахдаа намаа эв нэгдэлтэй байлгах эрх ашгийг тэр хүмүүс урдаа тавихгүй байна вэ.

Яагаад олон мянган гишүүдийн итгэл, ардчиллын хувь заяаг урдаа тавихгүй байна вэ гэдгийг хэлж байгаа. Та бүхэн санаж байгаа бол Ерөнхийлөгчийн сонгуулийн урд шөнө УИХ-ын дэд дарга С.Одонтуяа бид хоёр гарч ирээд АН-ын үе үеийн дарга нар хоорондоо эвлэрч, нэг л нэр дэвшигч тодруулаач гэдгийг хэлж байсан. Ардчиллын төлөө санаа зовж байгаа мянга, мянган гишүүд нэгдэж чадсанаар бид эвлэрлийн хурлаа зарлаж чадлаа.

Ард түмэнтэйгээ илүү тулж ажиллах, цоо шинэ намын төлөө ажиллах болно оо. Итгэл сэтгэлээ битгий алдаарай. АН-ын шинэ үе ах нарынхаа алдааг давтахгүй гэдэгт итгэлтэй байна. Таны үгийг яг байгаагаар нь намын залууст дамжуулна. Өнөөдөр та бүхэн бидний илгээсэн туршлагатай улстөрч Б.Гарамгайбаатарыг сонгоод гаргаад ирвэл та бүхний зүрх сэтгэлд байгаа энэ бүх асуудлыг шийдэх гүүр нь болж ажиллах юм шүү. Тиймээс нэр дэвшигчээ өмнөдэлгэрчүүд та бүхэн дэмжээрэй.