ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нэмэлт санал хураалт явуулах эсэхийг өнөөдөр СЕХ шийдвэрлэнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-11

Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр явагдсан нөхөн сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт санал хураалт дахин явуулах эсэх асуудлыг өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар шийдвэрлэхээр болсон билээ.

Хуульд зааснаар нэмэлт санал хураалтыг долоо хоногийн дотор багтаан явуулах учиртай. Тодруулбал, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 78.5-д “Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно” гэж тусгажээ.

Өчигдөр буюу санал хураалтын өдөр иргэдийн өгсөн саналын хуудсыг санал тоолох машинд уншуулахаас гадна 100 хувь гараар тоолж хяналтын тооллого хийхээр болж, өчигдөр хэсгийн хороодод хяналтын тооллого хийж баталгаажуулжээ. Харин үлдсэн саналын хуудсыг тоолж лацдаад хамгаалалтад авсан байна. Нэмэлт санал хураалтад өчигдөр санал өгсөн сонгогчид оролцохгүй. Учир нь тэдний саналыг тоолсон буюу тооцсон хэмээлээ.

Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцсон нийт 17 хэсэг байгаагаас Улсын Их Хурлын 18 дугаар тойргийн 16 хэсгийн хороо /Хэнтий аймгийн Баянмөнх 18-30, 18-29, Хэрлэн-18-10, Жаргалтхаан 18-62, 18-65, 18-61, 18-63, 18-64 Баян-Овоо 18-33, 18-31, Цэнхэрмандал 18-82, Баян-Адарга 18-24, Баян-Овоо 18-32, 18-34, Дэлгэрхаан 18-58, 18-57/, 28 дугаар тойргийн 1 хэсгийн хороо /СХД-ийн 11-р хороо буюу 28-36 хэсэг/ байгаа аж. Тиймээс нэмэлт санал хураалт явуулах эсэхийг өнөөдөр СЕХ шийдэж, олон нийтэд мэдээлэл хийнэ гэлээ.