ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Матрын нулимс унагагчид

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-11

“Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг багаар нь сонгож, хүч нэмье” гэсэн сонгуулийн хүч түрэмгийллийн үр дүнд УИХ-д орж ирсэн “бор халзан хонь”-нууд нэгэн намрын дараагаас зангаа таниулцгааж, хэн нь хэн байснаа илүү тодоор харуулж байна. 2020 оны сонгуулийн холион бантан болсон сонголтын үр дүнд нэр цэвэр нэгэндээ, эс бөгөөс ганц хүний рейтингээр “чирэгдэж” гарч ирсэн гишүүд нь хуулийн төслөө ч уншдаггүй гэдгээ өнгөрөгч баасан гарагийн чуулганы хуралдааны үеэр харуулав.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг толгойлогчтой нэр бүхий дөрвөн гишүүнээс өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь УИХ-ын гишүүдээс гадна эх оронч иргэдийн эгдүүцэл, бухимдлыг төрүүлэв.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.5-д тусгасан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг нэрлэнэ” гэсэн заалтаас “100 мянган ам.доллар” гэсэн босго мөнгөн дүнг хасаж, “Хоёр буюу түүнээс дээш ажлын байр бий болгох” хэмээн өөрчлөн найруулахаар нэмэлт өөрчлөлтөд тусгажээ.

Мөн, тус хуулийн 12.1.6-д “Хуульд заасан бусад дэмжлэг” гэсэн тодорхой бус заалтыг илүү дэлгэрүүлж “Гадаадын хөрөнгө оруулагч түүний гэр бүлд Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох” хэмээн өөрчилж, УИХ-д өргөн барьсан юм. Гэвч энэхүү хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд шүүмжилж, монгол мөнгөөр 150-хан сая төгрөгөөр босго тавьж байгаа нь хөрөнгө оруулагчид гэхээс илүү хятад иргэд олноор орж ирэх, улс орны тусгаар тогтнолын баталгаа алдагдах үндэслэл болно хэмээн шүүмжилсэн юм. Уг хуулийн төслөө үндсээр нь дүгнээд үзвэл хөрөнгө оруулалт татах сайн талтай хэдий ч цөөн хүн амтай улсад бол хэрхэвч босго мөнгөн дүнг бууруулж болохгүй юм. 

Х.Булгантуяа уншдаг юм байна, бусад нь харин...

Хуулийн төслийг нэр бүхий гишүүд зургадугаар сарын 21-ний өдөр УИХ-ын даргад өргөн  барьж, бүр гарын үсгээ зурсан байдаг. Гарын үсгийг дуурайлгаж зураагүй л бол үгүйсгэх аргагүй баримт бол энэ юм. Харин Эдийн засгийн байнгын хороо энэхүү хуулийн төслийг аравдугаар сарын 06-ны өдөр буюу УИХ-ын намрын чуулган нээлтээ хийснээс хойш ердөө тавхан хоногийн дараа хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ганцаараа эсэргүүцжээ. Харин С.Чинзориг, Ц.Цэрэнпунцаг, Д.Бат-Эрдэнэ нарын гишүүд дэмжиж, М.Оюунчимэг, Д.Баттөмөр нарын гишүүд хэлэлцүүлгийн явцад илүү сайжруулах, босго мөнгөн дүнг шууд авч хаяахгүйгээр илүү чамбай болгох талаар санал хэлжээ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан төслийг дахин хэлэлцүүлэгт бэлтгэхээр ажлын хэсэг байгуулах, шаардлагатай бол нягталж холбогдох байнгын хороогоор оруулах санал гаргасан ч эцсийн шатанд харин олонхиороо дэмжиж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр явуулсан байгаа юм. Ийнхүү Хууль тогтоомжийн тухай хуулийн хүрээнд нэг ч удаа хэлэлцүүлэгт ороогүй, ажлын хэсгийн саналыг сонсоогүй, Байнгын хорооны хурлаар ногоон гэрлээр дэмжлэг авч гарсан хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан гишүүд нь ч судлаагүй болж таарав. Нэмэлт өөрчлөлтийн төсөл шүүмжлэлд өртөж эхлэхтэй зэрэгцэн төслийг хамт өргөн барьсан П.Анужин, Д.Өнөрболор нар мэдэгдэл гаргаж, бид оролцоогүй хэмээн мэлзэх нь тэр. Угтаа энэхүү хуулийг "шургуулсан" буруутай этгээдээр хуулийн төслөө өмөөрч ярьсан Х.Булгантуяа, ангийнхаа хэдэн “охид”-ыг аргандаа оруулж байгаад хуудуутай хууль өргөн барьсан “хэрэгтэн” буюу Х.Ганхуяг нарын хоёр гишүүн л буруутай болж үлдэв. Эндээс хоёрхон л дүгнэлт хийж болно.

Нэгдүгээрт, УИХ-ын гишүүний үндсэн үүрэг болох хууль боловсруулах үүргээ эдгээр хоёр эмэгтэй гишүүн ор тас мартаж, хэний ч, юуны ч хамаагүй хуулийн төсөлд зөвхөн нэрээ хавчуулах үүрэг гүйцэтгэсэн болж таарлаа. Угтаа, хуулийн төслөө уншиж судлаагүйгээр барахгүй зөвхөн хууль санаачлагч гишүүдэд олддог мөнгөний араас хэт шунасан арчаагүй үйлдэл нь эцэстээ тэр хоёрыг хавханд оруулчихав уу.

Хоёрдугаарт, мэдсэн ч мэдэн будилсан байх магадлал өндөр. УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байхад дээрх нэр бүхий гишүүдийн хэн нь ч юу ч дуугараагүй. Эдийн засгийн байнгын хорооны гишүүн биш учраас мэдэхгүй хэлэлцүүлэгт явуулсан байж мэдэх ч чуулганаар халуун хэлэлцүүлэг өрнөж, УИХ-ын гишүүд шүүмжилж байхад тэр хоёр яагаад дуугүй байсан бэ.

...Үнэхээр л өөрсдийнх нь хэлсэн шиг Х.Ганхуяг нэрийг нь ашиглаж оруулсан, ийм ноцтой заалт орсныг мэдээгүй юм бол баасан гарагийн хуралдааны үеэр байр сууриа илэрхийлж болох байлаа. Гэвч “Орсон борооны хойноос цув нөмрөв" гэгчээр “Бид мэдээгүй. Эх орны эрх ашиг нэн тэргүүнд учраас энэ хуулийн төслийг эгүүлэн татахын төлөө явна” хэмээн матрын нулимс унагаж байх юм, тэд.

Эцсийн дүндээ өргөн барьсан хуулийн төслөө ч уншаагүй, эс бөгөөс олны шүүмж дагаж үзэл бодлоосоо ухарч буй эдгээр хоёр эмэгтэй гишүүд мэдэгдэл хийж нэрээ цэвэрлэх гэж оролдоод ч нэмэргүй боллоо. Эсрэгээрээ сайн ч муу ч хөрөнгө оруулалт эх орондоо татах гэж зүтгэж, өргөн барьсан хуулийн төслөө УИХ-ын чуулган, Байнгын хорооны хурал дээр хамгаалаад сууж байсан Х.Булгантуяа юм уншдаг гэдгээ, ямар нэг шүүмжлэлээс болж байр сууринаасаа ухрахгүй гэдгээ, нийгэм үзэн ядахаар л айсандаа чичирч мэдэгдэл хийх арчаагүй нэгэн биш гэдгээ харууллаа. Туул голын орчимд хэдэн арван га газар эзэмшиж, түүнийгээ сунга хэмээн Байгаль орчны яамны ажилчид руу загнаж суудаг гэх "Сөүл" группын босс Д.Өнөрболороос ард түмний эрх ашиг, эх оронч үзэл санаа “үнэртэнэ” гэдэгт нэг л итгэлгүй байгаагаа нуух юун. П.Анужингийн тухайд ярих байтугай бичих нь ч илүүц биз. Бидний сонголт ямархуу дүр төрхтэй, ямар араншинтай, ямар мэдлэгтэй байсныг нэгхэн хуулийн хэлэлцүүлэг нотолж өгөв. УИХ-аар хэчнээн олон хуулийн хулгай хийгдэж, түүхий хууль боловсруулагдаж байгааг ч хангалттай мэдрүүлэв. С.Жавхлангийн хэлсэнчлэн бидний тавилан юм даа.