ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нэмэлт санал хураалтыг аравдугаар сарын 16-нд явуулна гэлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-10-11

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн ирц 50+1-д хүрээгүй учраас нэмэлт санал хураалт явуулахаар болсон билээ. Өөрөөр хэлбэл, эдгээр нэр дэвшигчид өмнө авсан санал дээрээ нэмэлтээр санал авч, улмаар нийт сонгогчдын хамгийн их санал авсан нь ялсанд тооцох юм. Одоогийн байдлаар хамгийн их саналыг МАН-ын хоёр нэр дэвшигч болох Ц.Идэрбат /18-р тойрог/,  Э.Батшугар /28-р тойрог/ тус тус аваад байна. Тэгвэл өнөөдөр СЕХ хуралдаж, нэмэлт санал хураалтыг аравдугаар сарын 16-нд хийхээр болжээ.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран хэлэхдээ “Ирц хүрээгүй учраас СЕХ өнөөдөр өглөө хуралдаж, 16-ны өдөр нэмэлт санал хураалт явуулахаар боллоо. Ирц  нь хүрсэн 148 хэсгийн хороон дээр СЕХ-ноос өгсөн удирдамжийн дагуу гар тооллого хийлээ. Бүх дүн автоматжуулсан системтэй нийцсэн. Энэ ажлыг санал хураалт дууссанаас хойш хийж дууссан. УИХ-аар нөхөн сонгуулийг 1.8 тэрбумаар хийхээр баталж өгсөн. Нийт зардалд 2.2 тэрбум болсон. Улсын бүртгэл болон цагдаагийн байгууллагын зардалд 400 сая төгрөг зарцуулсан гэсэн үг. Тайлангаа бид УИХ-д хүргүүлнэ. Нөхөн сонгуулийн зардалдаа багтааж нэмэлт санал хураалт явуулна” гэлээ.

Хуулиар эхний санал хураалтад л 50+1 гэж тусгасан бөгөөд нэмэлт санал хураалтад ирцийн босго тавьдаггүй аж. Мөн ямар нэг байдлаар сонгуулийн сурталчилгаа хийхгүй гэж хуульд тусгажээ. Оролцоог нэмэх, ирцийг нэмэгдүүлэх талаар тодорхой ажил хийж болох юм байна.