ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Т.Доржханд: Монголын ардчилал аюулд орлоо, хамтдаа хамгаалъя

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-11

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн үр дүнгийн талаар ХҮН-аас мэдээлэл хийлээ. Тодруулбал, ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд хэлэхдээ  “Нөхөн сонгуулийн үр дүнд бид харамсаж байна. Нийт иргэдийн ердөө 40 хүрэхгүй хувь нь саналаа өгсөн байна. Хэнтий аймагт бүр 34 хувьтай байна. Эрх баригчид маань машин, машинаар иргэдээ зөөж, төрийн өмчийн компаниудыг ажиллуулсан мэдээлэл манай нам, эвсэлд ирж байна. Маш олон хүнийг зөөгөөд ч ирцэндээ хүрсэнгүй.

Ийм байдлаар цаашаа сонгууль явах юм бол Монголд ардчилал устаж алга болох нь ээ. Нийт иргэдийн 60 хувь нь саналаа өгөөгүй гэдэг нь улс төрийн нам тэр дундаа эрх баригчдад өгч буй намд өгсөн сануулга байлаа. Сонгуулийн үеэр түлшний хомсдол үүслээ, шатахуун тасарлаа, хил гааль дээр бараа гацлаа, дагаад үнэ өслөө. Улс төрийн бусад хүчинд дохио өгч байна. Эрх баригч намд дахин санал өгөхгүй гэдгээ тэд энэ үйлдлээр илэрхийллээ. Дүүрэг, хороодын дарга, хэсгийн ахлагч нар мөнгөний өмнө сөгджээ. Ийм л сонгууль боллоо. Өчигдрийн сонгуулийн үр дүнг үндэслэж бурууг хэн нэгнээс эрсэнгүй” гэсэн юм. Гэхдээ Монголын ардчиллыг хамгаалах цаг болсон учраас ХҮН-аас гурван санал гаргалаа.  

Нэгдүгээрт, Сонгуулийн холимог системийг яаралтай Үндсэн хуульд оруулж,  нийт мандатын дор хаяж 50 хувийг хувь тэнцүүлсэн тогтолцоогоор явуулах

Хоёрдугаарт, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж хатуу гишүүнчлэлийг зогсоох

Гуравдугаарт, Сум, дүүрэг, баг хороог улс төрөөс хол байлгаж иргэдээс хол байлгах талаар өөрчлөлт шинэчлэлт хийхийг бусад улс төрийн хүчнээс уриалж байна гэв.

Мөн нэг нам дангаар ноёлсон дарангуйллыг зогсоохыг МАН-ын удирдлагуудаас шаардлаа. Харин тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга, нэр дэвшигч Б.Найдалаагийн сонгуулийн штабын менежер Д.Гантулга "СХД-т сонгууль болсонгүй ээ. Сонгинохайрхан дүүрэгт Монгол төрийн бүтэц бүрэн бүрэлдэхүүнээрээ тэр чигээрээ ажиллалаа. Цагдаа, эмч, хэсгийн байцаагч, утааны байцаагч нар нь МАН-ын төлөө ажиллалаа. 100 гаруй мянган иргэдээс дөнгөж 30 гаруй мянга нь саналаа өгсөн ч машин, машинаар нь тэд зөөж авчирлаа. Өдөржин цагаан машинаар хүн зөөсөн. 

Багш нар сургуулийнхаа эцэг эх рүү сургуулийн барилгаа гүйцээхийн тулд Э.Батшугарт саналаа өгөөрэй гэж бичиж байна. Хэсгийн байцаагч, хороон дарга нар хүнсний талон авмаар байвал Э.Батшугарт саналаа өгөөрэй гэж бичиж байна. Залуучууд сонгуульд орохгүй бол Монгол Улс нэг намын дарангуйлалд орж, тусгаар тогтнолоо алдаж, нэг намын тогтолцоо руу буцаж орох цаг үед ирлээ. Саналаа өгсөн ахмадуудад баярлалаа. Залуучууд та бүхэн бидний төлөө биш өөрсдийнхөө төлөө нэмэлт санал хураалтад саналаа өгөх хэрэгтэй байна" гэлээ.