ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН-ын залуусын нас нь залуу ч үзэл санаа нь 1990 онд гацчихаж

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-11

“Харвард төгссөн улс төрийн туршлагагүй эмэгтэй “Цахим үндэстэн” үйл ажиллагааг зохион байгуулах зар тараагаад л нэгхэн өдрийн дотор 10-20 мянган залуусыг Төв парк дотор цуглуулж байгаад намынхаа сурталчилгааг хийчихлээ. Гэтэл 300 мянган гишүүнтэй улс төрийн хоёрдахь том нам гэж “онгирдог” АН-ынхан жагсаал хийх зар тараагаад ч Төв талбайд 1000 хүн цуглуулж чадсангүй. Эндээс харвал манай намын залуусын нас нь залуу ч  үзэл санаа нь харин 1990 ондоо гацчихаж” хэмээн АН-ын нөлөө бүхий улстөрч ярьж байсныг энэ өдөр эрхгүй эргэн саналаа.

Улс төрийн том лидерүүдээр “хахаж” байсан Ардчилсан нам хоёр, гуравдагч хүчний орон зайгаа ийм хурдан алдаж, ёроолын ёроолдоо хүртэл унах юм гэж хэн мэдлээ. Нэгэн цагт Улаанбаатар хотыг удирдаж явсан лидер улстөрч нь хүртэл гуравхан жилийн настай ХҮН-ын нэр дэвшигчээс доогуур санал авч, шившгээ хутгах юм гэж хэн санахав. Угтаа,  Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэний авсан 70 мянган саналаас ч гутамшигтай түүхийг тэд намынхаа хуудсанд биччихлээ. Энэ бол Баабарын зөгнөсөн ёроолдоо хүртэл унасны үр дүн юм.

Үүнээс цаашаа ардчилал огцом унах юм бол ХҮН-ын дарга Т.Доржхандын хэлсэнчлэн Монголын ардчилал аюулд орж, Монгол Улс албан ёсоор нэг намын тогтолцоо руу буюу коммунист нийгэмд “сайн байна уу” хэмээн гар даллахаас өөр аргагүй нөхцөл байдалд орох билээ. Тиймээс л Хэнтий, Сонгинохайрхан дүүрэгт хоёулаа нийлээд ч 10 мянган хүний санал авч чадаагүй хууччуулаасаа салж, залуус нь цоо шинэ үзэл санаа, цоо шинэ үзэл баримтлалаар урагшлах хэрэгтэй байна. “Сайн улстөрчийг муу тойрон хүрээлэгчид нь алдаг” гэдэг үг бий.

Яг тэр зарчмаар АН-ынхан өнөөдөр өөрсдийгөө мундаг цоо шинэ залуусын төлөөллөөр хүрээлүүлчихсэн гэх магтаалдаа хэт умбачихаад байгаа. “Манай намын залуус өөрчлөлт хийгээд алж байна. Нам шинэчлэгдээд эхэлчихлээ” хэмээн “Бодь” цамхагийн хоёр давхарын ресторанд бие биенээ хөөргөсөн ч бодит байдал дээрээ энэ намд шинэчлэл огт хийгдээгүйг нөхөн сонгуулийн үр дүн харуулчихав.

Ард түмэн тэнэг биш учраас Ардын намын хүч түрэмгийлэлд “салаавч” өгч байгааг мөн л нөхөн сонгуулийн дүн харуулжээ. Хотын аппарат, Хуульзүйн сайд нь очиж Э.Батшугар нэр дэвшигчийг дэмжиж ажилласан ч ирцийг нь харин бүрдүүлж чадсангүй. Хонон өнжин мөнгө цацаж, хүн нэг бүрээр тулгалт хийж, бүр сургуулиар нь далимдуулж эцэг эхээ дарамталсан ч сонгинохайрханчууд хөдөлсөнгүй. Хэнтийд Ерөнхий сайдын найз, Ерөнхийлөгчийн хуурай дүү өрсөлдсөн ч бас л тэд саналаа өгсөнгүй. Энэ бол эрх баригч намын дарангуйлалд үгүй гэж хэлсэн, муухайгаар хэлбэл томоос том “салаавч” өгсөн үйлдэл. Харин өнөөдөр санал өгсөнгүй хэмээн адлаж буй залуусын хүлээлтэд нийцсэн сонголтыг АН болон улс төрийн бусад хүчнүүд илгээсэнгүй.

Яг л Обуна шиг эмзэг цэгийг нь олж хатгаж чадахгүй байгаа юм. Орчин цагийн залуус уриа лоозон барьж, машинтай талбай тойрдог 90 оны хуучирсан арга барилд хөдлөхгүй ээ. Тэд цахим орчинд илүү анхаарч, Нью-Йоркийн Төв талбайд биткойны сурталчилгаагаа цацах хэмжээнд тархиа хөгжүүлчихлээ. Дэлхийн хөрөнгийн бирж, цахим зах зээлд өрсөлдөх шинэ бизнес, “Старт-ап” буюу гарааны бизнесийн төсөл бичээд завгүй явна. Цөөхөн хэд нь ажилгүй, амьдралгүй, анхиагүй, сошиалд хэт автан дэмийрч байгаа ч Монголын залуус цоо шинэ мөрөөдөлтэй болсныг Обуна гэх эмэгтэй олж харчихаад байхад “Бодь”-ийн хоёр давхарт намаа шинэчлэх мөрөөдөл зурж буй АН-ын залуус харин олж харсангүй. Тэд машинтай, уриа лоозонтой 1990 оны хуучирсан арга барилаар бус старт ап, шинэ технологийн дэвшил гэх мэтээр залуусыг өөртөө татах аргаа өөрчлөх ёстой юм.

АН-ынхан гарааны бизнесийг дэмжинэ, мөрөөдөлтэй хүн бүхэнд бидний хаалга нээлттэй гэх мэтээр арга техникээ өөрчлөхгүй л бол 2000 оны даргатай болоод ч 90 оны жагсаал хийсээр л байвал залуус байтугай намын жирийн гишүүд нь ч зугтах биз ээ. Саяхан Хэнтий аймагт томилолтоор ажиллах үед жирийн нэг бүсгүй босож зогсоод АН-ынхны бодит үнэнг улайтал хэлж байна билээ. Тэрбээр, “Ардын нам хулгайч гэдгийг хүн бүгд мэднэ. Гэхдээ АН-ынхан та нараас би илүү ичиж байна. Та нар яагаад сонгууль болохоор гарч ирдэг юм бэ. Ковидыг 8.000.000 төгрөгөөр эмчилж байхад та нар хаана байсан бэ. Цар тахлаар далимдуулан төр дураар дургиж байхад та нар юу хийж байв. Өнөөдөр бид АН-ыг дэмждэг гэж хэлэхээс ичиж, айж байна. АН-ын гишүүн бол ажилгүй, амьдралгүй болсон. Тиймээс та нар залуустайгаа, иргэдтэйгээ ойрхон байж гудамжиндаа гар. Төрийн ордонд есүүлээ суугаад юуг ч өөрчлөхгүй” хэмээгээд гарч одсонсон.

Яг л энэ үгийг “Шонхор”, “Бодь” хоёрт хуваагдсан АН-ынхан өөрсдөөсөө асуух ёстой юм. Бүлэг нь бүлэг шиг байж чадсан билүү. Д.Ганбат шиг сул улстөрчөөр бүлгээ төлөөлүүлчихээд Хэнтий, Сонгинохайрханы иргэдэд “Бидэнд саналаа өгсөнгүй” хэмээн туних шалтгаантай билүү. Ерөнхийлөгчийн сонгуулиар 70-хан мянган хүний санал авсан С.Эрдэнээс намаа салгаж чадаагүй атлаа ард түмэндээ гомдох нүүр үлдсэн гэж үү, та бүхэнд. О.Цогтгэрэл, Б.Тулга гэсэн залуу улстөрчөөр намаа удирдуулсан ч томхон жагсаал зохион байгуулчихаж чадахгүй байгаа АН-ын залуус өөрсдөдөө дүгнэлт хий.  

Журмын нөхөд, Алтан нөхөд, МоАХ, Алтангадас хэмээн талцаж групп дотор улс төр хийж буй залуус минь гудамжиндаа гарч улс төрөө хий л дээ. “Би л ганцаараа алаад байна. Бусад нь дорой байна. Биднийг тэр хэсэг л доошоо татаад байна” гэсэн явцуу бодлоо орхиж, маш жижгээс эхлэхгүй бол АН том нам байхаа больсныг сүүлийн хоёр сонгууль та бүхэнд харуулчихлаа. Энэ бол ард түмний буруу биш харин ардчилал ямар хэмжээнд сульдаж, доройтсоныг харуулж байна.

Хэдий болтол “Хонхны дуу”-гаар жагсаалаа чимж, хоёр гурван хүн лайв хийж, хоноцын сэтгэлтэй хэсэг бүлгээр намаа тоглуулах юм. Хэдий болтол эсгийтэй өлсөж, эрх баригчид хэвлэлийг худалдаад авчихлаа хэмээн “туниж”, нам доторх зодооноо гаднаас хайж, хувийн амбийцтай хэсэг бүлэгт хувь заяагаа даатгах вэ, залуус аа. Ардчилсан үзэл санааны амин сүнс болсон хэвлэл мэдээлэл хэзээд ч үнэний талд зогсоно. Гагцхүү тэр үзэл санааг нь дэмжиж, уухайлах ёстой нам нь ийм сул дорой, тийм хүчгүй байхад хэвлэл ч бас дуугаа хураахаас өөр яалтай. Алдаа ард түмэнд биш АН-д байгааг олж хараасай. Магадгүй эргэж энэ нам сэхэх сүүлчийн боломж нь 2024 оны УИХ-ын сонгууль байх биз ээ.