ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Цогтгэрэл: Ганцаарчилсан тоглолт хийсэн Д.Ганбаттай хариуцлагын асуудал ярина

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-14

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, нэр бүхий УИХ-ын гишүүдийг бүлгээс хөөсөн талаар мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл АН-ын бүлэг энэхүү шийдвэрийг албан ёсоор гаргасан эсэхийг АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээс тодруулав.

Тэрбээр, “АН эвлэрлийн Их хурлаа ирэх сарын 05-нд хийнэ гээд бэлтгэл ажлаа хангаад явж байна. Сая АН-ын бүлгийн дарга мэдээлэл хийж АН-ын гишүүн Ц.Туваан, З.Энхболд нарыг намаас хөөсөн шийдвэрийг албажуулж байна гэж мэдэгдэл хийсэн байна билээ. Тэр хүмүүс нь намаас хүн хөөх эрх бүхий албан тушаалтан мөн үү, биш үү. Энэ хүмүүс С.Эрдэнэ гэдэг хүний нам дээр бүртгэлтэй хүмүүс биш.

Тэр хүн хэнийгээ, хэддэх удаагаа хөөх вэ гэдэг нь хувийн байр суурь. Гэтэл түүнийг бүлгийн дарга гэдэг хүн бүлэг рүү оруулж ирж, АН эвлэх гэж ядаж байхад асуудлыг дэвэргэж байгаа нь буруу. Бид бүлгийн даргатай хариуцлагын асуудал ярина. Би сая гадуур ажилтай явж байгаад ирлээ. АН-аас хүний эрхийн асуудлаар мэдээлэл хийнэ гэж дуудчихаад өөрөө тэгж ярьчихаад гараад явсан байна лээ. Нөгөө хамт зогссон хоёр хүн нь юу ч мэдээгүй гэдгээ хэлсэн.

АН-ын бүлгийг энэ хүн хангалттай удирдаж чадахгүй байгаа гэх асуудал яригдсаар ирсэн. Цаашдаа ч яригдана. Цөөхөн хэдхэн атлаа улам яаж олуулаа болох вэ, ардчиллын төлөөх намуудтайгаа яаж нэгдэх вэ, ардчиллыг үгүй болгож буй системийн эсрэг хэрхэн яаж тэмцэх вэ гэж ярьж байхад ганцаарчилсан тоглолт хийж, хэнтэй ч юу ч ярихгүй олон нийтэд мэдээлэл хийх эрх бүхий хүн биш. АН-ын дотоод олон асуудал шийдээгүй бэрхшээлтэй байхад бүлгийн гишүүдтэйгээ ч зөвлөлдөхгүй намаас хөөж байгаа нь социализм юм уу. Ямар гэгчийн дарангуйлал вэ” хэмээлээ.