ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Цогтгэрэл: Д.Ганбат сөрөг хүчний байр суурийг гурван сайдын суудлаар МАН-д худалдсан

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-18

УИХ дахь АН-ын бүлгийн дарга өнөөдөр мэдээлэл хийж УИХ-ын гишүүн Н.Ганинбал, Ц.Туваан, Ж.Батсуурь нарыг намын бүлгээс хөөж буйгаа мэдэгдсэн билээ. Тэгвэл эдгээр хөөгдсөн гишүүд, АН-ын дарга О.Цогтгэрэлтэй хамтран мэдээлэл хийж, Д.Ганбатыг Ардын намын бүлэгтэй  үгсэн хуйвалдаж, сайдын суудал авна гэсэн тохироо хийж, намынхаа байр суурийг худалдсан гэж үзсэн учраас эдгээр гишүүд нэгдэж ярилцан Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас чөлөөлж байна гэлээ. Ингэснээр Төрийн ордонд АН-ын гишүүд хоёр хуваагдсан нь нэгэнт тодорхой болов.

Тэгвэл АН-ын дарга О.Цогтгэрэл хэлэхдээ “АН-ын эв нэгдлийн төлөө хамтдаа явж буй гишүүдэд баярлалаа. Нэр хүндээ үл тоон, эв нэгдэл, намынхаа төлөө явсан Э.Бат-Үүл баатарт баярлалаа. Албан ёсны даргаар томилогдоогүй ч эв нэгдлийн төлөө явна аа гэсэн Б.Тулга болон Ч.Өнөрбаяр нарт баярлалаа. Ардчилсан гэсэн шошго наачихаад гишүүдээ хөөдөг хэсэг бүлэг хүмүүс больмоор байна. Сүүлийн үед хэчнээн ч хүнийг хөөчихөв. Тэдэнд ийм эрхзүйн чадавх байхгүй ээ. Иргэн С.Эрдэнэ, хуульч О.Баасанхүү гэх хүмүүс Ж.Батсуурийг хөөж байгаа гэнэ. Гэтэл энэ хүн 1990 оноос хойш аймагтаа найман удаагийн сонгуулийн долоод нь ялалт байгуулсан. Сүхбаатар аймагт улс төрийн нөхцөл амаргүй цаг үед АН-ын үзэл баримтлалыг хамгаалж байсан хүн.

Энэ хүнийг хөөчихвөл АН-д юу үлдэх юм. Б.Бейсен гишүүн бол дөрвөн удаа аймгийнхаа ИТХ-д, дөрвөн өөр сумаас сонгогдож суусан хүн. Гэтэл энэ хүнийг О.Баасанхүүгээс ч бага АН-д хувь нэмрээ оруулсан гэж үздэг нь юу юм бэ. Бид эв нэгдлийн хурлаа ирэх сарын 05-нд хийх гэж байна. Гэтэл үүнийг хийлгэхгүй гэсэн хэсэг бүлгийн гар хөл нь Д.Ганбат боллоо. Л.Оюун-Эрдэний Засгийн газрыг огцруулахгүй гэж манай бүлгийн гишүүд шийдэж, намын дүрмийн эсрэг ажилласан гэж Д.Ганбат тайлбарлаж байна билээ.

Бид огцруулах бичигт гарын үсэг зурсан нь үнээн. Би хамгийн эхэнд зурсан. Гэтэл энэ бичгийг хамгийн их сугандаа хавчуулж, Ардын намын хатавчинд гурван сайдын суудал сууж гуйсан хүн бол Д.Ганбат. Бүлгийн хурал дээр орж ирээд “Би гурван сайдын суудлаар тохироо хийх гэж байна” гэж яриад явж байсан. Гэтэл юун гуя гэдэг шиг бид худалдагдаж, өөрөө сөрөг хүчний байр суурийг хамгаалсан мэтээр ярьж, ийм увайгүй үйлдэл хийлээ. Маш харамсалтай байна” гэлээ.