ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН-ын фракциудын зодоон ба Д.Хаянхярваагийн суудалд хэн санаархав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-19

АТГ-аас өчигдөр “Эрдэнэс Монгол” компаний Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн хувийн оффис дахь өрөөнд нэгжлэг хийж, 10 мянган ам.доллар, зургаан сая төгрөг нийтдээ 34.5 сая төгрөгийг хураан авсан тухай мэдээлэл нэгэн зэрэг мэдээллийн сайтуудын фэйжээр цацагдсан юм. Улсын Ерөнхий прокурорын зөвшөөрөлтэй гэх атлаа мөрдөн байцаах ажиллагааны дүрэм журмыг зөрчсөн энэхүү нэгжлэг юуны учир нууц бус шууд олон нийтийн сүлжээнд ил тавигдсан нь олон хүний анхаарлыг татаж буй.

Тэгвэл МАН доторх нөлөө бүхий фракциудын дотоод зодооны улмаас Д.Хаянхярваа даргыг албан тушаалаас нь зайлуулах улс төр өрнөж эхэлсэн нь тодорхой болжээ. Мөн өнөө өглөө Д.Хаянхярваа дарга “Энэ бол миний мөнгө биш. Би нягтландаа итгэдэггүй учраас хамтарч ажилладаг газраас орж ирсэн төлбөрийг бэлнээр хадгалж байсан юм” гэсэн утгатай мэдүүлэг өглөө гэх жиргээ тавигдсан нь хуурамч бөгөөд түүний хувьд одоогоор ямар нэгэн тайлбар, мэдүүлэг өгөөгүй байгаа аж.

Мөн ямар учраас энэхүү гүйцэтгэх ажиллагааг явуулсныг албан бус эх сурвалжаас тодруулахад “2019 онд нэр бүхий тендер зарлахдаа сонгон шалгаруулалт явуулахгүй давуу байдал олгож, авлига авсан байж болзошгүй гэсэн хэрэгт холбогдуулан шалгаж байсан” гэх мэдээлэл өгөв. Гэвч тухайн үед Д.Хаянхярваа тус албан тушаалд очоогүй байсан билээ. Угтаа энэ нь зөвхөн шалтаг төдий бөгөөд М.Энхболдын толгойлдог “Хотын фракци”-ийг нэг мөр нухчин дарж авах гэсэн үйлдэл бололтой.

МАН-д сүүлийн үед төрийн өмчит компаниудын дарга, дэд даргын төлөөх сандал суудлын зодоон хангалттай өрнөж буй. Нэг хэсэг "Эрдэнэт", "Эрдэнэс Тавантолгой"-н удирдлагуудаар оролдож байсан ч зодоон тэгсхийгээд дэд дарга, албадын дарга нарыг халж сэлгэснээр намжсан. Харин энэ удаа "Эрдэнэс Монгол"-ын даргын төлөөх зодоон өрнөж, хоморгонд нь тус газрын дарга Д.Хаянхярваа өртөж, гүйцэтгэх ажиллагааны санаатай бай болжээ.

Түүнийг одоогоор цагдан хорьсон гэх мэдээлэл байгаа бөгөөд хэрвээ гэм буруутай гэж үзвэл ажлаас нь чөлөөлж дараагийн даргыг томилох юм. Энд хэн томилогдох вэ гэдгээс ч Хотын фракцийн нөлөөг хэн хүчгүйдүүлж, дараагийн хүчирхэг фракцийг бий болгохоор санаархаж байгааг бэлхнээ гадарлах учиртай. Ардын намд одоогоор Сү.Батболд, Увс, Сонгинохайрхан, Хотын гэсэн дөрвөн том фракци хоорондоо толхилцож байна. Одоогоор Засгийн газрын түвшинд "Увс" фракци хүч нөлөөтэй бол, Сонгинохайрханы фракци "Эрдэнэс Тавантолгой", нийслэл, НИТХ-д илүү хүчтэй байгаа юм.