ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Томилгоо: Б.Солонгоогийн ажлыг Д.Батбаатар авч, Л.Цэдэвсүрэн яамандаа эргэж очив

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-20

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар Коронавирусийн нөхцөл байдлын мэдээ, вакцинжуулалтын явц, "Тавантолгой" цахилгаан станцын бүтээн байгуулалт, Авлигын эсрэг ажлын хэсгийн мэдээлэл зэрэг цаг үеийн 20 гаруй асуудлыг хэлэлцэж байгаа юм. Мөн хэд хэдэн яамдад удирдах түвшинд томилгоо хийгджээ.

Тухайлбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Б.Солонгоо нь Хуульзүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдсон учраас тус албан тушаалд БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Батбаатарыг томиллоо. Учир нь Хуульзүйн дэд сайдаар ажиллаж байсан С.Баатаржав Унгар улсад суух Элчин сайдаар томилогдсон учраас ажлаа хүлээлгэн өгчээ. Мөн Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Л.Цэдэвсүрэнг Д.Батбаатарын албан тушаалд буюу БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох шийдвэр гаргаад байна. Угтаа эдгээр гурван хүний албан тушаалыг хооронд нь хольж, солих шийдвэр гарчээ. Албан тушаалд томилогдсон хүмүүсийн намтрыг уншигч танд  хүргэе.

Хуульзүй, дотоод хэргийн Дэд сайдаар томилогдсон Б.Солонгоо: 

-Тэрбээр 1983 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 2007 онд Унгар улсын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийн хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны сургууль төгссөн байна. Мөн 2010 онд Их Британийн Дандийгийн их сургууль,  2015 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, англи, унгар хэлтэй ажээ. Б.Солонгоо нь  2011-2017 онд "Хоган Ловеллс" олон улсын хуулийн фирмд хуульч, олон улсын ахлах хуульч,  2017 оноос одоог хүртэл "Авинекс партнерс" өмгөөллийн компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2020 оны наймдугаар сард ЗГХЭГ-ын дэд даргаар томилогдсон юм.

ЗГХЭГ-ын Дэд даргаар томилогдсон Д.Батбаатар: 

-Тэрбээр, 1986 онд Архангай аймгаас ажлын гараагаа эхэлсэн бөгөөд АДХ-ын Гүйцэтгэх захиргааны хуулийн хэлтэст 1989 оныг дуустал ажиллажээ. Улмаар, 1989 оноос Налайх дүүрэгт, 1990 оноос Улсын Бага хурлын Тамгын газарт зөвлөх, 1992-1996 онд УИХ-ын гишүүн, 1996 оноос Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтийн багш, 2000 оноос УИХ-ын даргын зөвлөх, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг 30 гаруй жил төрийн албанд ажиллаж байгаад, 2016 оноос 2020 оныг хүртэл хувийн хэвшилд ажиллажээ. Харин 2020 онд нам нь ялсны дараа БШУ-ы Төрийн нарийн бичгийн албан тушаалд томилогдсон ч өнгөрөгч аравдугаар сарын 06-ны өдөр түүнийг албан тушаалаас нь чөлөөлөөд байсан юм.

БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Л.Цэдэвсүрэн: 

-Тэрбээр, 1985 онд нийслэлийн 10 жилийн 13 дугаар дунд сургуулийг төгссөн бол 1987-1993 онд ОХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн Хуулийн факультет, 1994 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, 2003 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургууль, 2006 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль /магистр/ мэргэжлээр тус тус төгсчээ. Эрхзүйч, Төрийн удирдлагын менежер, Хуулийн магистер цолтой. Орос, Англи хэлний мэдлэгтэй.

Л.Цэдэвсүрэнгийн тухайд 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин, 1994-1996 онд Соёлын яаманд сайдын туслах, 1996-1997 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, 1997-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, мэргэжилтэн, 2000-2004 онд БСШУСЯ-ны Хуулийн хэлтсийн дарга, 2004-2016 онд БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2017-2019 онд БСШУСЯ-ны Хуулийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2020 оны тавдугаар сард тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон ч сайдын албан тушаал ахисан юм. Гэвч 2021 оны нэгдүгээр сард Л.Оюун-Эрдэний танхим бүрэлдэж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох үед сайдын суудлаасаа бууж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний хуулийн зөвлөхөөр ажиллаж байлаа.

Оюуны өмчийн газрын даргаар томилогдсон Г.Элбэгсайхан: 

-Г.Элбэгсайхан нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн салбарт 18 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, газрын дарга, Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хэлтсийн дарга, газрын дарга, дэд дарга, Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан. 2019 оноос Хуульзүйн яамны Дэд сайдаар ажиллаж байгаад С.Баатаржавт ажлаа хүлээлгэн өгч байсан билээ.