ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МУИС, ШУТИС, ХААИС-ийг орон нутаг руу шилжүүлж, ирэх намраас элсэлт авна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-20

Засгийн газраас өнөөдөр зарим Их дээд сургуулийг хөдөө орон нутагт шилжүүлж, сургалт эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх тогтоолыг албажуулжээ. Энэ талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Өөрөөр хэлбэл, Өмнөговь, Дархан, Эрдэнэтэд уул уурхай, хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй МУИС, ШУТИС, ХААИС-ийг байгуулснаар нийслэлээс 15 мянган оюутан эдгээр аймгууд руу шилжиж суралцана гэсэн тооцоо гарчээ. Нийслэл хотын түгжрэлийг бууруулах шийдлийн хүрээнд энэхүү шийдвэр гарсан бөгөөд тухайн орон нутагт буй Их дээд сургуулиудын бааз суурийг ашиглах, нэмэлтээр өргөтгөл барих, их засвар хийх зэргээр бааз суурийг бүрдүүлж, ирэх намраас эхлэн эдгээр аймгуудад элсэлт авч эхлэхээр тусгажээ. Мөн уул уурхай, хөдөө аж ахуйн чиглэлээр нийслэл хотод нэг ч хувийн Их дээд сургуулийг байгуулахгүй, үйл ажиллагаа явуулахгүй байхаар шийдвэр гаргасан байна.

Л.Энх-Амгалан сайд хэлэхдээ “Өмнө нь Улаанбаатар хотоос Их, дээд сургуулийг нүүлгэнэ гэсэн шийдвэр гарсан ч хэрэгжиж байгаагүй. Энэ удаа бол салбар сургууль биш сургуулийг нүүлгэх шийдвэр гарсан гэж ойлгож болно. Өнөөдөр Улаанбаатар хотод 88 Их, дээд сургуульд 158 мянган оюутан суралцаж байна. Ердөө тавхан хувь нь хөдөө орон нутагт байгаа салбар Их, дээд сургуулиудад суралцдаг гэсэн тоон мэдээ бий. 90 гаруй хувь нь нийслэлд цугласан гэсэн үг. Үүнийг бид өөрчилнө.

Дархан, Эрдэнэтэд байгаа МУИС, ШУТИС, ХААИС-ийн салбар сургуулиудад түшиглэн бааз суурийг бий болгоно. Нэмэлтээр өргөтгөл барих, оюутны байр нэмж барих зэргээр бэхжүүлнэ. Харин Өмнөговь аймагт шинээр бүтээн байгуулалт хийнэ” гэлээ. Мөн орон нутагт ажиллах багш нарт орон нутагт ажилласны тэтгэмж олгох, ипотекийн зээл, бизнес эрхлэх боломж зэргийг бүрдүүлж, оюутнуудад тэтгэлэг олгох зэргээр урамшууллын системтэй уяж өгнө гэдгээ мэдэгдлээ.