ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

З.Мэндсайхан: Нарийн ногооны хомсдол тодорхой хэмжээнд үүссэн

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-20

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд импортоор авдаг голлох хүнсний бүтээгдэхүүний нөөцийн талаар мэдээлэл хийжээ.

Тэрбээр, энэ талаар ярихдаа “Урд хөршид коронавирусийн шинэ тохиолдол бүртгэгдэж эхэлсэнтэй холбогдуулан хил гаалиа хаагаад байгаа. Тиймээс энэ асуудлыг Засгийн газрын өнөөдрийн /10.20/ хуралдаанаар ярилцаж, тодорхой шийдэл гаргалаа. Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсэг хил гаалиар орж ирэх хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа хурдан муудах бүтээгдэхүүнийг саадгүй хилээр оруулах талаар судалгаа хийнэ. Гааль, гадаад харилцаа, зам тээврийн асуудал байгаа учраас эдгээр салбарын сайд нар хамтарч ажиллах юм. Өнгөрсөн онд Засгийн газраас санаачилж гол нэрийн бүтээгдэхүүн буюу бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн болон НӨАТ-ын албан татвараас чөлөөлсөн.

Энэ хүрээнд өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас нөөц 2.6 дахин өссөн. Гэхдээ өнгөрөгч зургадугаар сараас эхлэн хил гаалийн саатлаас үүдэн импортлогч аж ахуйн нэгжүүдийн татсан гурил, будаа нь хилийн цаана байгаа. Өнөөдрийн байдлаар хүнсний хомсдол үүссэн асуудал алга. Гэхдээ нарийн ногооны хомсдол бол тодорхой хэмжээнд үүссэн. Нарийн ногоочдын тухайд үнээ өсгөх гэхээс илүү хангамжийн асуудал байгаа гэдгийг хэлж байна.

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний 20-42 хоногийн нөөцтэй байгаа. Хил гааль эргэж нээгдэх хүртэл  хомсдол үүсэхгүй гэж харж байгаа. Хил дээр 90 тонн цагаан будаа, мөн тооны элсэн чихэр зэрэг бүтээгдэхүүн гацчихаад байгаа. Үүнийг яаралтай оруулж ирэх чиглэлээр ажлын хэсэг ажиллана” гэлээ.

З.Мэндсайхан сайдын тухайд БНХАУ-ын Элчин сайдтай хүнсний тээвэрлэлтийг хэвийн явуулах талаар уулзалт зохион байгуулсан бөгөөд вагон тээвэрлэлт, тавилтыг нэмэх чиглэлээр хүсэлт тавьжээ. Мөн хоёр улсын Ерөнхий сайдын хүрээнд ч яаралтай ачаа тээврийг оруулах чиглэлээр ч яриа хэлцэл хийгдэж, энэ талаар шуурхайлах чиглэл өгсөн гэлээ.