ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Занданшатар: УИХ-ын Тамгын газар шүүх биш шүү, АН-ынхаан

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-21

УИХ-ын чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн хоёр яам шинээр нэмж байгуулах буюу Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн маргааны асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатар хөндсөн юм.

Тэрбээр, “Та бүхэн дотоод асуудлаа дотооддоо шийднэ үү. УИХ-ын тухай хуулиар 11 гишүүнтэй бүлэг байгуулагдсан. Харин эндээс хэн нь гарч, хэнийгээ хөөх вэ гэдэг нь танай намын бүлгийн дотоод асуудал. УИХ дахь АН-ын бүлгийн дарга нь өөрийн албан бланк дээр дөрвөн бичиг ирүүлсэн. Эхлээд Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар манай намаас нэр дэвшиж сонгогдоогүй тул хасаж өгнө үү гэсэн. Дараа нь Ц.Туваан, Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг хөөсөн бичиг ирсэн.

Гэтэл Б.Бейсен гишүүний албан бланк дээр АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг хөөсөн АН-ын бүлгийн шийдвэрийг албажуулна уу гэлээ. Энэ бүхнийг хийж суудаг хүн нь би биш. УИХ-ын Тамгын газар шүүх биш. Бидний мэддэг асуудал биш учраас та бүхэн дотооддоо асуудлаа шийднэ үү. УИХ болон Тамгын газрын ажлыг битгий ойлгомжгүй байдал руу түлхээд бай. Хуулиараа та бүхэн 11 гишүүнтэй бүлэг байгуулсан. Энэ зарчмаараа явж байгаа” хэмээн бухимдлаа.