ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Идэрбат нутгаа аялал жуулчлалын бүс болгож, Э.Батшугар залуусын дуу хоолойг төрд хүргэнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-21

УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн Э.Батшугар, Ц.Идэрбат нар сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ. Тэд төр ард түмний өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, сонгосон иргэдийнхээ дуу хоолойг төрд хүргэж ажиллах зарчимдаа үнэнч байна гэдгээ хэлсэн юм. Тэдний хэлсэн үгийг уншигч танд хүргэе.

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

-Сонгинохайрхан дүүргийн нийт сонгогчдодоо баярлалаа. Та бүхний итгэл бол маш том үүрэг хариуцлага юм. Ажлын үр дүнгээр би харуулна. Мөн хамгийн залуу гишүүний хувьд залуучуудын дуу хоолойг тууштай гаргана аа. Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон бусад гишүүдтэй хамтран гэр хорооллын яндангийн тоог бууруулах зэргээр бусад асуудлаар ажиллана. Намрын чуулганаар төсөв хэлэлцэж байна. Миний хувьд төсөв санхүүгийн чиглэлээр туршлагатай учраас энэ чиглэлд ажиллана. Мөн Оюутолгойн гэрээг сайжруулах чиглэлд мөн ажиллах болно. Э.Батшугар гэж хүний итгэл үнэмшлээр ажиллах болно. Би аавыгаа Төрийн гурван өндөрлөгийн нэг гэдгээр нь бахархдаг. Хэвлэл мэдээлэл болон иргэдэд нээлттэй гишүүн байхыг хичээнэ.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

-УИХ-ын 18 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүн баталгаажиж, өнөөдөр гишүүний тангаргаа өргөлөө. Тангараг өргөхдөө хэлсэн үгэнд бүх зүйл тодорхой байгаа. Бүх зүйлд улс орны эрх ашгаа бодож ажиллана. Өнөөдөр 2022 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа анхны чуулгандаа суулаа. Сонгуулийн ирц яагаад хүрэхгүй байгааг СЕХ-ноос асуух нь зөв байх. МАН-ын гишүүдийн дэмжлэгээр гарчихлаа гэж хэлж чадахгүй. Нийт иргэдийн 73 хувь нь надад итгэж саналаа өгсөн.

Намрын чуулганаар олон хуулийн төсөл хэлэлцэх нь эхний ээлжинд төсөвт анхаарлаа хандуулж ажиллана. Хэнтий аймагт сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь үнэн. Гэхдээ 2016-2020 оны хугацаанд Монгол Улсын бодлогод тусгасан аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр манай аймагт үргэлжлээд явж байгаа учраас төсөв илүү байх. Түүхэн аялал жуулчлалын бодлого явж байгаа учраас туйлын талархалтай хандаж байгаа. Энэ удаа төрийн бодлого бодитоор хэрэгжээд явж байгаа юм. “Андлалын хөшөө”-ний тухайд асуудал дараа яригдах байх. Бүх зүйлийг одоо яриад байж болохгүй байх аа. Тэгээд ч хуучирсан сэдэв шүү дээ.