ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Энхбаяр: Газрын асуудлыг шийдэхгүй бол 26 дугаар хорооны иргэдтэй хамт тэмцэнэ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-26

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр шинэ хичээлийн жил эхлэх дөхсөнтэй холбоотойгоор ойрын өдрүүдэд ууртай байгаа гэнэ.

Учир нь тэрбээр УИХ-ын гишүүний хувиар өнөөдрийг хүртэл нэг ч улсын сургууль, цэцэрлэггүй байгаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд 920 хүүхдийн сургууль барих 6.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж чадсан ч, барих газар нь олдохгүй байсаар шинэ хичээлийн жилтэй золгох дөхсөн аж.

Тиймээс Нийслэлийн Засаг дарга Сундуйн Батболдод цахим хуудсаараа дамжуулан хатуухан анхааруулга өгөөд амжсан байна.

Тэрбээр “2008 оноос хойш нийслэл хотод хамгийн их газар олгогдсон, өндөр үнээр газар зарагдсан энэ хороонд яагаад нэг ч сургууль, нэг ч цэцэрлэг барих газар одоо болтол олдохгүй байна вэ? Нийслэлийн газрын алба, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн засаг дарга Сундуйн Батболд та яагаад одоо болтол ажлаа хийхгүй байна вэ?
Энэ хороонд зарим нэг хүн хэдэн га-аар нь газар эзэмшиж болоод байдаг улс сургууль барих болохоор болохгүй байна вэ? Нийслэлийн засаг даргад удаа дараа хүсэлт тавьж, уламжилсан боловч одоо болтол шийд гарсангүй. 
9 сар боллоо сургуульгүй байгаа сурагчдад юу гэж хэлэх вэ? Хотын захиргаа энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол 26-р хорооны иргэдтэй хамт зохион байгуулалтад орж тэмцэх болохыг анхааруулж байна” гэжээ.