ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Харвардын их сургууль төгсөгч нь болох Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг онцолжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-11-25

Харвардын Кеннедигийн нэрэмжит Засгийн газрын их сургууль нь өөрийн сургуулийн төгсөгч болох Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний ажил амьдрал, улс төрийн нэр хүндийг онцлон албан ёсны цахим хуудастаа байршуулжээ. 

Тодруулбал,  “2020 оны нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд болсон. Монгол Улс 1990-ээд онд ЗХУ задран унасны дараа ардчилал, зах зээлийн эдийн засагтай орон болсон.  1980 онд төрсөн тэрбээр Монголын удирдлагад шинэ үеийн дуу хоолойг хүргэж байна” хэмээгээд ярилцлагаа оруулсан аж.

Тухайлбал, “Та яагаад улс төр, бодлогын чиглэлээр карьер хөөхөөр шийдсэн бэ” гэх асуултад Ерөнхий сайд хариулахдаа  “Улс оронд минь эрс өөрчлөлт хэрэгтэй гэж мэдэрсэн. Би улс  төрд орохоосоо өмнө олон улсын хөгжлийн чиглэлээр ажиллаж байлаа.  

Орон нутгийн засаг захиргаатай хамтран ажиллаж байхдаа улс орон ямар хүнд суртал, авлига, улс төрийн хувьд хуваагдсаныг хараад харамсаж байлаа. Мөн төрийн албан хаагчдын хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдлээс болж олон боломжууд зүгээр л дэмий үрэгдэж байгааг хараад бухимдсан. Энэ гуниг, бухимдал намайг улстөрч болоход нөлөөлсөн гэж боддог” хэмээн ярьжээ. Ярилцлагыг та https://www.hks.harvard.edu/faculty-research/policy-topics/public-leadership-management/prime-minister-oyun-erdene линкээр орж унших боломжтой юм.