ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МоАХ-ны гишүүд дэмжигчид Богд Жавзандамба хутагтын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-11-26

Монгол Улсын баатар, Монголын Ардчилсан Холбооны гишүүд, дэмжигчид 2021 оны 11 сарын 26 буюу “Бүгд найрамдах улсаа тунхагласан өдөр” Монгол Улсын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын хөшөөнд морин цагт хүндэтгэл үзүүллээ.

Ёслолын үйл ажиллагаанд МоАХ-ны Удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга Г.Байгальмаа болон тус холбооны ХЭГ-ын дарга С.Эрдэнэцогт, Түүхийн ухааны доктор, профессор О.Батсайхан болон МоАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, 21 аймаг нийслэлийн есөн дүүргийн гишүүдийн төлөөлөл оролцлоо.

Хаант засаглалаас Бүгд найрамдах засаглалд шилжсэн тэмдэглэлт энэ өдөр Монголын шашин төрийн тэргүүн VIII Богд Жавзандамба хутагтын орчин үеийн Монгол Улсын үндэс суурь, улмаар Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль батлагдах үйл явцын эхлэлийг тавьсан түүхэн гавьяаг залгамж хойч үед зөвөөр ойлгуулан таниулах зорилгоор энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулжээ. Улмаар жил бүхэн уламжлал болгон зохион байгуулна гэдгээ МоАХ-ны ХЭГ-ын дарга С.Эрдэнэцогт онцолж байлаа. 

Богд хааны цаг үеэ олсон улс төрийн манлайлал, Халхын Хан ноёдын нэгдсэн бодлого үйл ажиллагаа нь тухайн үед ганхаж эхэлсэн Манж гүрний ноёрхлыг Монгол Улсаас түлхэн гаргах оновчтой, мэдрэмжтэй шийдвэр байсан төдийгүй, Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг ялалтад хүргэсэн юм. 

Өнө эртнээс улбаатай төрт улс, Монголын тусгаар тогтнолыг сэргээн мандуулах их үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан түүхэн хүмүүний бодит гавъяаг мөнхжүүлэх зорилгоор Монгол Улсын тавдахь Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр 09 дүгээр зарлиг гаргаж, Монгол Улсын эзэн хаан, VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг орон даяар тэмдэглэн олон улсын эрдэм шинжилгээний хурал төрийн ордонд зохион байгуулж, архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэн, түүхийн ном, уран сайхны кино бүтээсний зэрэгцээ Богд хааны хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулсан билээ. Цэцэг өргөх ёслолд оролцсон зочдын сэтгэгдлийг уншигч танд хүргэе.

Түүхийн ухааны доктор, профессор О.Батсайхан: 

-МоАХ, Монголын өргөн олон ард түмний төлөөлөл өнөөдөр Монголын үндэсний баяр, тэмдэглэлт өдрөөр Богд хаандаа хүндэтгэл илэрхийлж байя гэсэн санаачилга гаргасанд онцгойлон талархаж байна. 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар бид Богд хааныхаа хөшөөтэй болсон. Түүх наашилж байна. Монголчууд өөрсдийн өв соёл уламжлалаа мэддэг болсонд туйлаас баяртай байна. 1990 оны хоёрдугаар сарын 18-ныг тодхон санаж байгаа байх. МҮЭСТО-нд МоАХ-ны анхдугаар Их хурал болж байлаа.

Тэр Их хурлаас 1911 оны Үндэсний их хувьсгал, тусгаар тогтнолоо олсон үйл явдлыг маш өндрөөр үнэлсэн юм. Тэр хурлаас нэгэн уриалга гаргасныг та бүхэн санаж байгаа бол “Тусгаар тогтнол, эрх чөлөөг авчирсан 1911 оны Үндэсний хувьсгал бол Эзэн Чингисийн Их Монгол Улсаа байгуулсан түүхэн үйл явдлын дараа орох түүхэн үйл явдал мөн" гэж онцгойлон дүгнэсэн байдаг. Дараа нь буюу 1991 онд тохиох Үндэсний хувьсгалын 80 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байлаа. Үе үеийн Ерөнхийлөгч нар 1911 оны хувьсгалд ач холбогдол өгч, нааштай хандаж ирсэнд баяртай явдаг. 2011 онд монголчууд 100 жилийг ойг нь хуваагдалгүй, эв нэгдэлтэй гайхалтай тэмдэглэж байлаа. Улмаар жил бүрийн 12 дугаар сарын 29-ныг тэмдэглэлт өдөр болгосон юм. Харин Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед зарлиг гаргаж, хөшөөг нь босгосон бол өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа нээлтэд нь ирж байсан юм.

МоАХ-ны ХЭГ-ын дарга С.Эрдэнэцогт: 

-1990 онд үндэсний түүх уламжлалаа сэргээж, үүнээс хойш уламжлал болгон авч явж байгаа 33 жилийн түүхэн үйл явдлыг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МоАХ-г Монгол Улсын баатар цолоор шагнасан юм. МоАХ нь хүний эрх, эдийн засгийн аюулгүй байдлаас гадна үүний гол үндэс болсон үндэсний дархлааг бэхжүүлэх ажилд цаг ямагт манлайлж ирсэн юм. Өнгөрсөн жилийн энэ өдөр бид бүхэн МоАХ-ны байрандаа Богд хаант улсын төрийн далбааг залж байсан. Цаашдаа Бүгд найрамдах засаглалд шилжсэн энэ өдөр бид Үндэсний эрх чөлөөг авчирсан, шинэ Үндсэн хуулийг батлах эхлэлийг тавьсан Эзэн хаандаа бид хүндэтгэл үзүүлж байхаар шийдлээ. Энэ арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд баярлалаа. 1924 оны анхны Үндсэн хуулиас эхлээд хамгийн сүүлд оруулсан нэмэлт өөрчлөлт гээд энэ хугацаанд амьдарч ирсэн монголчуудын тэмцэл үнэгүйдэх хэмжээнд хүрсэн шүү. Тийм учраас энэ өдрөөр далимдуулан ард түмэндээ сэрэмжлүүлж байгаа юм.

 

...Ийнхүү уригдсан зочид үг хэлсний дараа Уяхан замба тивийн наран, Эртний сайхан зэрэг уртын дуу эгшиглэж, Гандантэгчэнлин хийдийн лам нар ном уншиж, хүндэтгэлийн хадаг өргөснөөр ёслол өндөрлөв.