ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Бадраагийн хэрэг бол орон нутагт бугшсан авлигын сүлжээний мөсөн уулын орой төдий

O.Admin
2021-12-01

Өмнөговь аймгийн Засаг дарга асан, ИТХ-ын дарга Б.Бадраа, түүний хүү Б.Наранболд нарын гэрт прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж, 300 сая төгрөг, юань, зөвшөөрөлгүй галт зэвсэг, үнэт эдлэл хураан авсан үйл явдал олны анхаарлыг татаж байна. Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудал анхаарал татаж,  эгзэгтэй байгаа цагт тус ордыг ид бүтээн байгуулалт хийж байх цагт аймгийн Засаг даргаар ажиллаж байсан эрхэм юуны учир ингэж хагартлаа баяжсан нь сонирхол татаж байгаа юм.

Б.Бадраа нь АН-ын гишүүн бөгөөд УИХ-д гурван удаа нэр дэвшсэн ч бүдэрч байсан түүхтэй. Улмаар, 2012-2016 онд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд тухайн үед хөрөнгө орлогоо 16 сая төгрөгийн бэлэн мөнгөний орлоготой, хоёр нийтийн орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай орон сууц, 195 сая төгрөгийн үнэтэй орон сууц, 18 сая төгрөгийн машин, 3.5 сая төгрөгийн мал, 45 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлж байсан бол 2020 онд Аймгийн ИТХ-ын даргаар томилогдох үедээ гэр бүлийн орлого нь 38.4 сая, орон сууцны үнэлгээ нь 2 тэрбум 805 сая, үйлчилгээний зориулалттай оффисоос гадна гурван төрлийн өмчлөх газар, 147 сая төгрөгийн хадгаламж нэмэгджээ.

Мөн 3.5 сая төгрөгийн үнэлгээтэй мал нь 55 сая болж, 38 хурдан удмын адуугаар бэл бэнчингээ нэмсэн байх юм. Үүнээс гадна Түвшин наран, Говил, Эрдэнэт хивс зэрэг нэр бүхий зургаан компанид хувь эзэмшиж, жилдээ 140 гаруй сая төгрөгийн ашиг олдог хэмээжээ. Ердөө наймхан жилийн хугацаанд түүний хөрөнгө орлого гэрлийн хурдаар нэмэгдсэн байх юм.

Энэ бол зөвхөн Б.Бадраагийн өөрийнх нь нэр дээр байгаа хөрөнгө. Эндээс гадна түүний эхнэр, хүү Б.Наранболд болон ах дүү амраг садных нь нэр дээр 20 гаруй орон сууц болон бусад хадгаламж, үнэт эдлэл байгааг  хуулийнхан тогтоосон бөгөөд хууль бусаар олсон мөнгөө хувиргаж, мөнгө угаасан байж болзошгүй гэх асуудал шалгагдаж байна.

Үүнээс гадна Б.Бадраагийн хүү Б.Наранболдыг өдгөө Цагдан хорин 461-р ангид саатуулсан бөгөөд хэргийг ид шалгаж байгаа аж. Хэдхэн өдрийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нартай уулзахдаа “Авлигачдын толгойг би хэзээ ч илэхгүй, өмгөөлж хамгаалах зүйл байхгүй. Ирэх оноос эхлээд авлигачидтай хатуу тэмцэнэ гэдгээ хэлчихье. Аймгийн Засаг дарга нар дунд асуудалтай хүмүүс бишгүй олон бий шүү” хэмээн анхааруулж байсан билээ. Тэгвэл Аймгийн Засаг дарга нарын авлига, албан тушаалаа урвуулж ашигласан хэргийн зөвхөн эхлэл буюу мөсөн уулын орой нь Б.Бадраа гэж хэлж болно.

Үүнээс гадна Ховд аймгийн Засаг дарга асан Д.Цэвээнравдан болон бусад нэр бүхий хүмүүсийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шалгаж, өнгөрөгч аравдугаар сарын 22-ны өдөр гэм буруутайд тооцон нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасахаас гадна 5.4 сая төгрөгийн торгууль ногдуулсан байх юм. Ханбогд сумын Засаг дарга Б.Бадраагийн итгэлт нөхдийн нэг Х.Нэхийтийн гэрээс мөн 12 кг алт буюу хоёр тэрбум төгрөгийн үнэт эдлэл хадгалж байсан нь өчигдрийн нэгжлэгийн үеэр тодорхой боллоо.

Энэ мэтээр олон жил бугшсан орон нутагтаа эзэн суусан авлигачдын зөвхөн мөсөн уулын орой цухуйж байна. Цаашлаад, аймгийнхаа бүх удирдах албан тушаалд ах дүүгээ суулгачихсан, газар усны нэрийг казахаар өгч аймаг орон нутгийнхаа нэр хүндийг унаган, Үндэсний аюулгүй байдлын эсрэг хэргээр шалгуулж буй Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржаныг ч мөн шалгах ёстой санагдана, Ерөнхий сайд аа.

Учир нь Баян-Өлгий аймгийн АН-ын зүгээс түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо хийсэн, ковидын хүнд хэцүү цаг үед ирсэн тусламж болон төсөвлөж өгсөн мөнгийг хаана юунд хэрхэн зарцуулснаа өнөө хэр тайлбарлаагүй зэрэг олон асуудлаар хариу өгөхийг шаардсан ч хариугаа өнөө хэр өгөөгүй байгаа билээ. Тиймээс Ерөнхий сайдын авлигачдыг хэзээ ч толгойг нь илэхгүй гэсэн шийдвэр хатуу хэрэгжиж хэмээн ирэх онд олон олон засаг ноёдууд хуулийн хаалга татаж мэдэх нь ээ. Угтаа хуульгүй, хариуцлагагүй, хяналтгүй юм шиг явсан өнгөрсөн жилүүдэд олон олон хурган Б.Бадраа нар төрөн гарсныг мартаж болохгүй юм.