ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Т.Баярхүү: Омикрон голомтлон тархсан 11 улсаас ирсэн иргэдийг тусгаарлана

O.Admin
2021-12-01

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дэлхийн улс орнуудад голомтлон тархаж буй коронавирусийн омикрон хувилбар гарсантай холбогдуулан ямар, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаарх асуудлыг УОК-оос Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.

Энэ талаар УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү хэлэхдээ “Омикрон хувилбар голомтлон тархсан 11 улс орноос ирсэн иргэдийг тусгаарлан ажиглах байранд 10 хоног өөрсдийнх нь зардлаар тусгаарлана. Бусад улсаас ирсэн иргэдээс шинжилгээ аваад гэрт нь явуулж байгаа. Одоогоор Өмнөд Суданаас ирсэн энхийг сахиулагчдаас өөр тусгаарласан иргэн байхгүй. Судан улсад омикрон гараагүй ч сэжигтэй гэж үзэн тусгаарласан. Монгол Улсын хилээр орж ирж байгаа гадны улс орны иргэдээс өмнө нь нэвтрүүлэхдээ 72 цагийн ПСР шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлж байсан. Тэр журам хэвээр үргэлжилнэ.

Мөн нэмээд онгоцны буудал дээр түргэвчилсэн шинжилгээ авна. Энэ гэхдээ омикрон голомтлон гараагүй улс орноос ирж байгаа иргэдэд хамааралтай. Эрүүл мэндийн яамны албан ёсны цахим хуудсанд омикрон голомтлон тархаж буй улс орнуудын нэрсийг мэдээллэж байгаа. Улс орнууд цаг тутам гаднаас авах нислэгээ зогсоох хилээ хаах гэх мэтээр шийдвэр гаргаж байгаа учраас иргэд болж өгвөл гадны улс орнууд руу зорчихгүй байхыг анхааруулж байна” гэлээ.