ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ардын нам Д.Зүмбэрэллхамд зориулж хуулийн заалт өөрчилсөн үү

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-12-02

УИХ-ын чуулган яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Зүмбэрэллхамыг дэмжих эсэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд 40 гишүүнээс 29 нь дэмжиж гар өргөснөөр түүнийг томиллоо. Гэвч энэ томилгоо хууль бус, хууль зөрчсөн гэдгийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг онцлов.

Тэрбээр, “Ардын хүү бус ноёны бөх давдаг нийгмийг ардын нам бий болголоо. Та нар ямар муухай байна вэ. Танай нам дотор мөнгөтэй бүлэглэл байна. Тэр бүлэглэлээ дарж чадахгүй бол Монгол Улс сөнөнө шүү. Би шүүхийн хуулийн ажлын хэсэгт ажилласан шүү. Та нартай адилхан үг үсгээр нь уншсан. Гэхдээ ганц нэг үг үсгийг уншаагүй бололтой юм. ШЕЗ-ийн гишүүнээр томилохдоо ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаагүй гэж хуулийн төсөлд байсан. Гэтэл одоо ажиллаж байгаа биш бол гэж засаад оруулаад ирсэн байна шүү дээ. Шүүхийн шинэчлэл ч явахгүй, шударга ёс ч тогтохгүй юм байна” хэмээлээ.

Харин ажлын хэсгийнхний зүгээс “Та буруу ойлгосон байна. 2021 оны нэгдүгээр сард баталсан Шүүхийн тухай хуулийн 95.3 дүгээр зүйлд “Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох шүүгч гишүүн нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй байна. Шүүгч бус гишүүд нь хууль зүйн өндөр мэргэжилтэй.

Эрхзүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй. Сүүлийн таван жил шүүгч, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй. Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй иргэн” гэж заасан. ШЕЗ-д ажиллаж байгаагүй гэсэн заалт байхгүй” гэв.