ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ХЭН ЮУ ХЭЛЭВ: Хотын хөгжлийг тэд ингэж тодорхойлж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-12-02

“Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форум өчигдөр болж, Нийслэлийн Засаг даргын урилгаар УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны гишүүд, Монгол Улсад суугаа элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөлөгч, НИТХ-ын төлөөлөгчид оролцлоо. Форумын үеэр нийслэл хотын хөгжил дэвшлийн төлөө цаашдаа ямар бодлого боловсруулж ажиллах талаараа нийслэлийн удирдлагууд юу ярьсныг тоймлон хүргэе.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар:

-Амаргүй цаг үед ажил явсан ч хоёргүй сэтгэлээр зүтгэж ирлээ. Нийслэл хотын хөгжилд гэрэл ассан гэдгийг онцолж хэльщ. Гүүрэн байгууламж бүхий хурдны галт тэрэгний ТЭЗҮ боловсруулах ажил ид дундаа явж байна. Эхний ээлжид бид Нисэхээс Яармагийн гүүр, Хан-Уул дүүргийн араар Гэгээнтэн, 26 дугаар хороо, Бага тойруу гэсэн чиглэлтэй 16 км-ийн трассыг байгуулахаар шаргуу ажиллаж байгаа. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын тойрог хурдны зам байгаа юм. Гурван эгнээтэй, 71.5 км замын  техник эдийн засгийн урьдчилсан тооцооллыг хийж байна.

Улаанбаатар аюул осол аваар гарахад эрсдэл өндөртэй гэж үнэлэгдсэн. Такси үйлчилгээг шинээр нэвтрүүлэх, дугуйн зам, нийтийн тээврийн парк шинэчлэлт гээд хийж хэрэгжүүлэх олон ажил бий. 500 автобусны парк шинэчлэлийг ирэх оны төсөвт суулгаж өгсөн. LRT төсөл дээр бүх хүчээрээ орно. Боломжтой бүх санхүүжилтийн эх үүсвэрийг татахаар бэлдэж байгаа. Дараагийн хийх зүйл бол гэр хорооллын дундуур хурдны замыг барьж, Толгойт, Сэлбэ, Хайлааст, Баянхошуу, Улиастай дэд төвүүдийг байгуулж байж төвлөрлийг сааруулна.

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан:

-Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлагын хамгийн том суурь нь Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль юм. УИХ, Засгийн газраас нийслэл хотод урьд өмнө байгаагүй том дэмжлэг үзүүлсэн нь энэхүү эрх зүйн шинэчлэлт. Бид төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэх нь чухал байна. Бид төр хувийн хэвшил, бизнесийнхэн, олон улсын донор байгууллага, суурин төлөөлөгчид, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллана.

Хамтын ажиллагаа өнгөрсөн 30 жилийн хугацаанд байгаагүй биш байсан. Гагцхүү зөвхөн тулгамдсан асуудлаар хүслийн жагсаалт хийж байснаас хөгжлийн төлөвлөгөөгөө Техник эдийн засгийн үндэслэлтэй гаргаагүй юм байна. Харин одоо хүслийн жагсаалтаа хөгжлийн бодит төлөвлөгөө болгож, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдаа урьж байна. Монгол Улсын Засгийн газар, Хотын дарга, НИТХ бүгд нэг зүг рүү харсан гэж хэлж болно. Өнөөдрийн нэг чухал сэдэв бол түгжрэлээ бууруулах үүднээс замын сүлжээ, нийтийн тээврийн сонголтуудыг өргөжүүлж, үүгээр дамжуулан дагуул хотуудаа хөгжүүлэх тухай байлаа.

Монгол Улс болон нийслэл Улаанбаатар хот өнөөдөр өөр түвшинд очсон. Өмнө нь буцалтгүй тусламж гуйдаг байсан бол одоо хөрөнгө оруулахыг хүсэж байгаа. Улаанбаатар хот руу чиглэсэн бүх хөрөнгө оруулагч нарт манай үүд хаалга нээлттэй гэдгийг дахин илэрхийлье.

Нийслэлийн Засаг даргын Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн:

-Ойрын хоёр жилд Улаанбаатар хотын түгжрэлийг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай. 2020 оны байдлаар нийслэлийн иргэд бүтээж буй баялгийнхаа найман хувийг түгжрэлд зарцуулж байгаа гэсэн судалгаа гарсан. Цаашид ямар ч арга хэмжээ авахгүй бол 2025 он гэхэд  ДНБ-ий 18 хүртэлх хувийг түгжрэлд алдах тооцоо бий.

 Нийслэлээс авто замын түгжрэлийг бууруулахаар олон ажил хийж байгаа. Мөн Засгийн газарт Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо байгуулагдсан. Мөн явган замыг сайжруулах, гарааш, хашаа, хайс буулгах ажлыг эрчимжүүлэх болно. Улаанбаатарыг машинд ээлтэй хотоос, явган хүнд ээлтэй хот болгохын төлөө ажиллаж байна.

Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва:

-Улаанбаатар хотод хоёр сайн найз байх ёстой бөгөөд нэг нь хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид байна. Нийслэлийн зүгээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлд анхаарч ажиллана. Хувийн хэвшлийн оролцоогүйгээр хотыг хөгжлийг төлөвлөх боломжгүй. 

Нийслэлийн Засаг даргын Төсөв, санхүү хариуцсан зөвлөх Д.Батмөнх:

-Улаанбаатар хотод оршин сууж буй 1.6 сая иргэний дийлэнх нь худалдаа, үйлчилгээний салбараас орлого олдог. Энэ салбар цар тахлаас шалтгаалан үүд хаалгаа барьсан нь эдийн засгийг нэн хүндрүүлсэн. Тиймээс цар тахлын дараах эдийн засгийг сэргээх нь бидний гол зорилго юм. Улсын төсвийн 70 орчим хувийг албан татвар бүрдүүлдэг.

Мөн Улаанбаатар хотод 170 мянга орчим өрх гэр хороололд амьдарч байна. Дэд бүтцийг нь шийдсэн, өөрийн орлогод нийцсэн орон сууцанд амьдрах боломжийг бүрдүүлэх ёстой. Мөн дулааны эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь чухал.