ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Бауыржан, Ш.Идэрбаясгалан нарын удирдаж буй аймагт авлига үүрлэжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-12-08

Өнөөдөр Төрийн ордонд авлигын эсрэг үндэсний чуулган болж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд цаашдаа төрд ажиллах боломж олдохгүй гэдгийг онцолсон юм. Тэгвэл АТГ-аас 2021 оны байдлаар байгууллагын шударга байдлын үнэлгээний дүнг гаргажээ. Энэхүү жагсаалтад Үндэсний хөгжлийн газар, Хэнтий аймгийн ЗДТГ, Эрчим хүчний яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар тус тус авлига авдаггүй, өгдөггүй гэдэг үнэлгээгээр тэргүүлжээ.

Харин Баян-Өлгий, Хөвсгөл аймаг жагсаалтын хамгийн сүүлд орсон байна. Баян-Өлгий аймаг сүүлийн дөрвөн жил гаруйн хугацаанд буюу өнөөгийн Засаг дарга Д.Бауыржан аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргаар ажилласнаас хойш дандаа авлигачин аймаг хэмээн нэрлүүлсээр байгаа билээ. Үүнийг Дэд сайд асан Ж.Сауле “Аймгийн удирдлагуудын ажлын үр дүн” хэмээн дүгнэсэн байх юм.

Тухайлбал, саяхан БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Баян-Өлгий аймагт ажиллахдаа “Багш нар ажилд орохын тулд 5-10 сая төгрөгийн авлига өгдөг болсон байна” хэмээн мэдэгдэж байсан. Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ч авлига авсан гэх асуудал шүүхийн хаалга татсан бол Д.Бауыржан ах дүүгээ өндөр албан тушаалд томилсон, ковидын үеийн санхүүжилтийг тодорхой болгоогүй гэх мэт асуудалд холбогдож, өдгөө газар усны нэрийг казахаар өгсөн нь шүүхийн хаалга татаад байгаа билээ. Харин Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан гэгч нь мөн л хариуцлага, хяналт алдсан, намчирхдаг, ах дүүгээ албан тушаалд томилдог гэх мэтээр аймаг орон нутгаа зөв удирдаж чадахгүй адлуулж яваа нөхөр билээ. Таарсан таар шуудай гэгчээр төрийн албаны нэр хүндтэй үүргийг зөв гүйцэтгэж чадахгүй байгаа аймгийн Засаг дарга нарт хариуцлага тооцно гэдгээ Ерөнхий сайд мэдэгдээд байгаа юм.