ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

У.Хүрэлсүх: Шахмал түлшний бүх материал дотоодод байсан ч хяналт алдагдсан

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-01-18

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БОАЖ-ын сайдад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заасан байдаг.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр дэвшигчтэй уулзах үеэрээ “Танхимын сайдаа огцруулж, томилох эрх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Энэ жил утааны асуудалд үнэхээр хайнга, хариуцлагагүй хандсан. Хамгийн гол нь шинээр томилогдсон сайдын хувьд маш сайн ажиллах ёстой шүү, Бат-Эрдэнэ ээ.

Шахмал түлшний бүхий л материал дотоодод байгаа. Энд сахилга алдагдсан. Хянаж шалгаагүй зэрэг олон шалтгаан бий. Байгаль орчны эко системийг хангах, утааны эсрэг тууштай тэмцэж ажиллах хэрэгтэй шүү. Байгаль орчноо хамгаалах талаар ажиллаарай. Хөвсгөл далайг хамгаалах, газар нутгийн цөлжилтийн эсрэг тууштай ажиллаарай. Амжилт хүсье” гэлээ.

Шинээр сайдаар томилогдож буй Б.Бат-Эрдэнийн хувьд өмнө нь МАН-ын НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, JCI  Олон улсын байгууллагад Ерөнхий нарийн бичгийн дарга, МХЕГ-ын дэд даргыг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилогдож байсан. Мөн ЗГХЭГ-"ын дэд дарга, ШӨХТГ-ын даргаар тус тус ажиллаж байжээ.