ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ТОМИЛГОО: Шинээр томилогдсон Элчин сайдуудын хоёр нь мэргэжлийнх, нэг нь уяач

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-01-18

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсаас гадаад орнуудад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ.

Тодруулбал, Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Э.Сарантогосыг

2.Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар П.Сэргэлэнг;

3.Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Гэрэлмаа нарыг тус тус томиллоо.

Солонгос улсад суух Элчин сайд Э.Сарантогос: 

-Гадаад харилцааны яаманд мэргэжлээрээ маш олон жил ажилласан мэргэжлийн дипломатч нарын нэг. Тэрбээр, 1975 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 1992-1997 онд МУИС-ын Олон улсын харилцааны дээд сургууль (олон улсын харилцааны бакалавр), 2000-2002 онд Японы Васедагийн Их сургууль (олон улсын харилцааны магистр), 2009-2010 онд Австралийн Аделайдын Их сургууль (олон улсын эдийн засгийн харилцааны магистр)-ийг тус тус төгсчээ. Япон, орос, англи хэлний мэдлэгтэй

Ажлын туршлага:

-1997-2000 онд ГХЯ-ны Азийн газарт мэргэжилтэн

-2002-2004 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл-шинжилгээний газарт гуравдугаар нарийн бичгийн дарга

-2004-2007 онд Токио дахь ЭСЯ-нд гуравдугаар нарийн бичгийн дарга

-2007- 2009 онд ГХЯ-ны Азийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга

-2010-2012 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга

-2012-2014 онд Токио дахь ЭСЯ-нд худалдаа, эдийн засгийн зөвлөх

-2014-2016 онд Токио дахь ЭСЯ-нд Элчин зөвлөх

-2016 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын захирал

-2016-2017онд ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын дэд захирал

-2017 оноос ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирлаар ажиллаж байна

Кувейт улсад суух Элчин сайд П.Сэргэлэн: 

-ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байгаад хожмоо Ерөнхийлөгч Х.Баттулгын хөдөө аж ахуйн бодлого хариуцсан орон тооны бус зөвлөхөөр томилогдож байлаа. Тэрбээр 1994 онд Улсын багшийн дээд сургууль, 2006 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг тус тус төгсчээ. АНУ, Хонконг, Итали, Сингапурт малын удмын сан, мал бүртгэлийн менежмент, жижиг, дунд үйлдвэрлэл, хөгжлийн бодлого, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшлийн сургалтад хамрагдсан байна. Тэрбээр 1995-2009 онд “Ноён сүлд” ХХК-ийн захирал, 2010-2014 онд “Буудайн хур” газар тариалангийн компанийн Ерөнхий захирлаар ажиллаж байжээ. Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдохоосоо өмнө Монголын Морин Спорт Уяачдын холбооны ЕНБДарга, "Сүлд" телевизийн захирлаар ажиллаж байсан билээ.

Швейцарын Холбооны Улсад суух Элчин сайд Д.Гэрэлмаа: 

-Гадаад харилцааны яаманд олон жил ажилласан. 2018 оноос Олон талт хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан мэргэжлийн хүн. 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. 1994 онд Монгол Улсын Их сургуулийн дэргэдэх Лицей дунд сургууль, 1998 онд Монгол Улсын Их сургууль, олон улсын харилцааны мэргэжилтэн, франц судлал, 2000 онд Франц Улсын Засаг захиргааны дээд сургууль, 2001 онд Шинэ Зеланд Улсын Веллингтоны их сургууль, 2009 онд Туркийн дипломатын академид мэргэжил дээшлүүлжээ. Франц, англи, орос хэлний мэдлэгтэй. 

Ажлын туршлага: 

-1998 онд Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн

-2000-2002 онд Гадаад харилцааны яамны Европын газрын атташе

-2003-2007 онд Парис дахь ЭСЯ, Женев дэх Байнгын төлөөлөгчийн газарт 3 дугаар нарийн бичгийн дарга

-2007-2011 онд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газарт 2 дугаар нарийн бичгийн дарга

-2011-2014 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт 1 дүгээр нарийн бичгийн дарга

-2014-2018 онд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал

-2018 оны 11 дүгээр сараас Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал