ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ХЭН ЮУ ХЭЛЭВ: Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг пиар бус бодит ажил хийхийг захив

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-01-18

УИХ-ын чуулганы хуралдаанд БОАЖ-ын сайдаар Б.Бат-Эрдэнийг томилох асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийн хүрээндээ оруулж ирэн, гишүүдэд танилцуулсан билээ. Танилцуулгатай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа. Тэдний үгнээс тоймлон хүргэе.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Хувь хүний хувьд дэмжиж байна. Утааны асуудлаар яамдын удирдлагуудыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсныг дэмжиж байна. Засгийн газар багаар ажиллах ёстой. Уг нь хамгийн үр дүнд хүрсэн ажил яагаад энэ жил цалгардав. Сайн хатаагаагүй, чийгтэй байгаагаас болж уугилт ихтэй байна гэж иргэд тайлбарлаж байна лээ. Үүнд ямар үнэлгээ дүгнэлт өгч байна. Ирэх жил юу хийе гэж бодож байна.

Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ: Утаатай холбоотой асуудлаар “Тавантолгой түлш” компани ажиллаж байна. 2019-2020 онд утаа 50 хувиар буурсан. 2021, 2022 онд “Тавантолгой түлш” компани техникийн шинэчлэл хийгээгүй. Стандарт, технологи талдаа алдаа гаргасан. Тоонд илүү анхаарсан гэж харж байна. Цаашдаа чанарт маш сайн анхаарч ажиллах ёстой. Технологийн шийдлүүд дээр маш сайн ажиллах ёстой гэж харж байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Таныг харж байхад пи ар чинь хэтэрхий их шүү. Ажлаа хийгээрэй. Эдийн засгийн байнгын хороонд харьяалагддаг яам. Их хуралд бас ажлаа тайлагнадаг. Засгийн ажил байлгүй яахав. Хэтэрхий сошиалаар болоод пиараар ажлаа явуулдаг юм билээ. Иргэдэд их олон хүлээлт бий болдог. Тэр хүлээлтээ давахгүйгээс унадаг шүү. Утаанаас гадна байгаль орчноо хамгаалах ажил их бий. Амаа багасгаж, ажлаа сайжруулахыг захиж байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Утаа бууруулах, түлшний асуудал бол уг нь Эрчим хүчний яамны ажил шүү дээ. Энэ яамныханд хариуцлага тооцоход ч багадна. Хуучин Ц.Даваасүрэн сайд энэ яамыг удирдаж байхдаа хоёрын хоёр сайжруулсан түлшний үйлдвэр байгуулаад нийслэлийг хангах ажлыг хийгээд, ажлын ачааллыг аваад ажиллаж байсан. Гэтэл хяналт суларсан уу, энэ жил утаа эрс нэмэгдсэн. Төрийн нарийн бичгийн даргыг сольсныг гайхаад байна. Шууд утгаараа энэ асуудалтай холбогдох уу. Б.Бат-Эрдэнийг хүний хувьд мэдэхгүй. Гэхдээ дуу хоолойгоо гаргаж байгааг нь харсан. Мэргэжлийн бус ч гэлээ мэргэшсэн болж ажиллаарай. Хууль тогтоомжийг сайн уншаарай. Утаанаас гадна уул уурхайн олигархиудтай тэмцэх шаардлага гарна шүү.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Хэрэглэгчийн эрх ашгийн хангах талаар сайн ажилласан гэж боддог. Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг тойрсон бугшсан олон асуудал бий. Тэнд олон мөнгөтэй хүн барилга байшин бариад иргэдэд газар олгохгүй байгаа. Үүнийг яаж зохицуулах вэ. Оюутолгойтой холбоотой нэг асуудал байгаа нь ус ашиглалт. Ус ашиглалтын төлбөрийн асуудлаар ямар байр суурь баримталж ажиллах вэ.

Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ: Богдхан уулын дархан цаазат газрыг тойрсон асуудал их бий. Гомдол ч их ирдэг. Тус газарт одоогоор 481 иргэн, 910 хуулийн этгээд, 610 уугуул иргэд нийтдээ 2001 иргэн 3731.8 га газрыг ашиглаж байгаа. 1182 иргэн хууль бусаар газар өмчилж байгаа. Тус газарт 43 мянган иргэн оршин суудаг. Хуулийн хэрэгжилтийг сайтар хангуулж ажиллана. Оюутолгойн асуудалд Засгийн газрын бодлогыг хангуулж ажиллана аа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Ажил албан тушаалаа авч үлдэх гэж ард түмнээ доромжилсон хүмүүсийн тайлбарт та итгэж болохгүй. Утаагүй байлгаж болсон юм шүү. Ундны усны бохирдол их байна. Хамгийн чухал нь Туул голын эх дагуу байрласан амралтын газруудыг зайлуулаарай. Монголоос эх авдаг гол мөрний асуудлаар хоёр хөрштэйгөө хамтарч ажиллаарай. Хамтарч хамгаалах хэрэгцээ шаардлага байгаа шүү. Дархан цаазат болон байгалийн нөөцийн газруудаа анхаараарай. Улстөрчдийн нөлөөнд автуузай.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Надад хоёр асуулт байна. 2012-2016 онд та бүхэн давхар дээлийг маш хүчтэй эсэргүүцэж байсан. Тийм ч учраас өнгөрсөн парламентад тэр үгэндээ хүрч Үндсэн хуульдаа өөрчлөлт хийсэн. Ер нь миний хувьд мэргэжлийн сайдууд салбараа удирдахдаа урт хугацаандаа амжилтад хүрнэ гэж хардаг. Гэтэл УИХ өөрөө асуудалтай байна. Асуудал танилцуулахаар хэргээр унагаж, шоглодог. Гаднаас сайд томилохоор ийм байдаг юм гэх мэтээр албаар ийм зүйл хийж байгааг та юу гэж харж байна. Дан дээлтэй, давхар дээлтэй бол ямар давуу тал гарах вэ гэдгийг асууя. Нэр дэвшигчээс нэг зүйл асууя. Ковидоос шалтгаалж бүх улсын эдийн засаг хямарлаа. Гэхдээ манай алт, зэс, нүүрс өсчихсөн. Цаашдаа хил гааль ийм байвал эдийн засаг сайжрахгүй ээ. Нэр дэвшигч та алтны хамгийн орчин үеийн техник тоног төхөөрөмж ашиглаад үйлдвэр байгуулчихсан газруудын ажлыг явуулах юм уу, эсвэл шууд дээшээ харж суугаад гацаагаад байдаг сайд байх юм уу.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Би ЗГХЭГ-ын даргаар яг хоёр жил ажилласан. Эхний нэг жил давхар дээлтэй сайдуудтай ажилласан. Сүүлийн нэг жил нь ихэвчлэн дан дээлтэй сайдуудтай ажилласан. Тэндээс нэг зүйлийг ойлгосон нь парламентад асуудлаа ойлгуулаад авч гарах талд мэргэжлийн сайдууд жулддаг. Гэхдээ цаг хугацааны асуудал байж магадгүй. Сэтгэлтэй ажлаа хийж байгааг нь би харалгүй яахав. Гэхдээ улс төрийн капитал, салбартаа хүлээн зөвшөөрөгдөх, улс төрд өөрийгөө илэрхийлэх, асуудлаа шийдэх талаар сул тал бий. Тойрог гээд алга болохгүй, томилгоонд нутгархаж хандахгүй давуу тал бий, бий. Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хэмжээнд ажиллаж байна. Ингэх байсан бол тэгэх байсан гэж шалтаглахгүй. 

Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ: Эдийн засгийн хүндрэл их бий. Хамтдаа туулах, инноваци технологийг дэмжих зөвлөмжийг улс орнууд өгч байгаа. Инноваци, техник технологийг шинээр нэвтрүүлсэн үйлдвэрүүдээ маш сайн дэмжиж ажиллана аа. 

УИХ-ын гишүүн Г.Ганболд: Улаанбаатар хотын агаар орчны бохирдолтой холбогдуулан БОАЖ-ын сайд муу ажилласан гэж бодож байгаа бол би таныг буруу онош тавьжээ гэж хэлнэ. Нэгэнт буруу оношлогдсон учраас агаарын бохирдол сайжрахгүй ээ. Эрчим хүчний яам, гүйцэтгэж байгаа Улаанбаатар хотын захиргааны буруу. "Тавантолгой түлш" компаний буруу шүү. Хариуцлагын байгаа зөв онож явахгүй бол цаашдаа нийгмийн буруу асуудал сайжрахгүй ээ. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Ёстой сонин, сонин хүмүүс сайд болж байна даа. Утааны эсрэг маш их мөнгө зарсан шүү. Хяналт шалгалт оруулж шалгах ёстой. Шахмал түлшээр шийдэх нь буруу биш л дээ. Гэхдээ технологийн алдаа гаргаж байгааг шалгаарай. Энэ залууг хувь хүний хувьд нэг зүйл хэлье. Хоосон пиар битгий хийгээрэй. ТҮЦ-ийн эмэгтэй буруутай хэмээн улайтал шоудахаар нь үнэхээр дургүй хүрсэн. Ороолтоо түлсэн иргэн бас буруутай, дарга нар буруугүй гэдэг байж болохгүй. Хилээр орж ирсэн чанаргүй бараанд ТҮЦ ажиллуулж байгаа иргэн ямар буруутай юм. Хоосон пиараа боль.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Таны хэлж буй ихэнх нь зүйлтэй санал нэг байдаг. Гэхдээ Ерөнхий сайд байсан хүн огт Ерөнхий сайд байгаагүй юм шиг үг хэлэх нь ёсзүйгүй юм. Хил гааль нээгдэхгүй, маш хүнд л байна. Иргэдийнхээ төлөө бид ажиллаж байгаа. Би өмнөх нэг ч Ерөнхий сайдыг буруутгаж байгаагүй. Улстөржихгүй эхлүүлсэн ажлыг нь явуулж, том том төслийг явуулах гэж ажиллаж байгаа. Таны эхлүүлсэн төмөр замын тогтоол үргэлжлээсэй гэж бодож байна. Нэг ч өдөр ажиллаагүй байгаа сайдыг гоочлоод яахав дээ. Өмнө нь утаа байсан. Бид шийдлээ л ярих ёстой юм. У.Хүрэлсүхийн Засгийн газар шийдэл гаргасан ч технологийн алдаа гаргасныг залруулна аа. Би нарийн жижиг асуудалд ч оролцож байгаа. Намайг өрөөндөө суугаад байна гэж дүгнэж болохгүй.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Утаа энэ жил хүнд байлаа. Бүрэлдэхүүнээр нь хариуцлага тооцсон шийдвэрийг дэмжиж байгаа. Нэг жил өнгөрчихөөд байхад сайдыг нь олж уулзаагүй. Дан дээлтэй сайд нарыг түр ирж байгаа гэж хардаг болсон байна. Технологийн горим алдагдсан уу, яасан бэ. Бүх бараа нь тасарсны дараа эрүүл хайгуул болмооргүй байгаа юм. Лабораторийн асуудлыг шийдэх, үйлдвэрийг нь хотоос зайдуу барих асуудлыг судламаар байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Ажлаа өгөөд явж байгааг шүүмжлэхгүй ээ. Ажил хийж байгаа хүмүүст алдаа гарч л байдаг. Өөгүй өндөг шиг бөөрөнхий, шижир алт шиг хүмүүс байхгүй ээ. Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигчийг ажлаа сайн хийгээд явна гэж бодож байгаа. Үндэсний хэмжээний залуучуудын байгууллагыг удирдлаа. Засгийн газрын гал тогоонд ажилласан, том агентлагийг удирдсан гээд олон зүйл сурсан байх. Залуу хүн учраас хурдтай, дайчин ажиллана гэж дэмжиж байна.

Та сайдаар ажиллахдаа хэдэн зүйлийг анхаараарай. Аялал жуулчлалыг сэргээмээр байгаа. Орхон тамир, Хануй, Хүнүйн голын ай савыг аялал жуулчлалын бүс болгох чиглэлээр анхаарч ажиллаарай. Монголын долоон их улс энд сууриа босгож байсан. Дэлхийн нийслэлийг энд байгуулах гэж байсан. Энд дэлхийн улс орнууд ирж визээ даруулаад буцдаг байсан. Үүнийг анхааралдаа авч ажиллаарай.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Сайдад нэр дэвшсэн танд баяр хүргэе. Маш том салбарыг удирдах гэж байна. Ялангуяа агаарын бохирдлыг гишүүд онцолж хэлснийг анхаарч ажиллах байх. Байгаль орчны асуудал ус хөрс, ургамал амьтан гээд агаар орчны бүхий л асуудлыг анхаарч ажиллах байх.

Ахмад үе маань дээр үеэс байгалиа хэрхэн хайрлах хамгаалж байсныг орчин цагтай уялдуулж ажиллах байх аа. БОАЖЯ-нд манлайлал дутаж байгаа шүү. Ой болон усны асуудлаа мэргэжлийн хүмүүсээр удирдуулж, тэднийг дэмжиж ажиллаарай гэж хүсье. Ерөнхийлөгчийн ногоон хөгжлийн бодлогыг дэмжиж, салбар дундын бодлогын баримт бичгийг батлуулж ажиллаарай.