ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Сахал” Д.Эрдэнэбилэгийн компани буруутайг шүүх тогтоов, өрөө хэзээ төлөх вэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-01-19

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний эхлүүлсэн тэмцэл үр дүнд хүрч, есөн компаний улсад учруулсан хохирлыг барагдуулах шийдвэр эхнээсээ гарч эхлэв-

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 онд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголтын дүн, эргэн төлөлтийн байдлыг шалгах ажлын хэсгийг ахалж, шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж байсныг уншигч та бүхэн санаж буй биз.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тухайн үед мэдэгдэл хийхдээ “Хөгжлийн банк эргэн төлөлт хийж чадахгүй аж ахуйн нэгжид зээл өгсөн асуудал байгаа. Хөтөл, Мон лаа, ТОСК, Эрэл, Бэрэн зэрэг есөн компанийн ноцтой зээлдэгч нарын асуудал байгаа.  Чингис, Самурай, Евро бондын асуудлууд болон зарим төсөл хөтөлбөрийг хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг АТГ-т шилжүүллээ” хэмээн мэдэгдэж байжээ. Энэ мэдэгдлээс хойш хоёр жил гаруйн хугацаанд Хөгжлийн банкийг тойрсон маргаан үргэлжилж, зээлдэгчдээс зээл, зээлийн хүү зэрэг хохирол, төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийг төрийг төлөөлөн шүүхэд гаргаж байв.

Мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцуулж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргаж Ерөнхий прокурорт хүргүүлж байжээ. Тэгвэл эдгээр есөн аж ахуйн нэгжийн нэг болох “Кью Эс Си” ХХК-д холбогдох хэргийг энэ сарын 14-ний өдөр Улсын дээд шүүх хянан хэлэлцэж, зээл, зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү зэрэг нийт 192 тэрбум 572 сая төгрөгийг Хөгжлийн банкинд олгуулах шийдвэр гаргав. Энэ бол цааш, цаашдаа улс төрийн танил, сүлжээгээ ашиглан төрийн мөнгийг зүй бусаар ашигладаг, хууль бусаар зээл авсан олон аж ахуйн нэгжид анхааруулга өгсөн мэдээ болов. Хууль бусаар мөнгө олдог, төрийн мөнгийг хулгайлдаг бүлэглэлтэй хийсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний эхлүүлсэн тэмцэл ч үр дүнгээ өгч эхэлсний сайн жишээ болж байна.

Төмрийн хоёр том уурхайг эзэмшдэг ч 200 тэрбумын өрөө төлж чадсангүй, тэд

Эрхэм уншигч та “Кью Эс Си” гэгч ямар компани болох яагаад Хөгжлийн банкнаас зээл авав гэдгийг сонирхож байгаа нь тодорхой. Тэгвэл уг компаний зээлийн түүхийг судалж үзвэл тус компани нь “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлаа санхүүжүүлэхээр 2014 онд зээлийн гэрээ байгуулах хүсэлтээ өгч байжээ. Улмаар, 2015 онд зээлийн гэрээ байгуулагдаж, 71.3 сая ам.долларын санхүүжилтийг тус компанийн данс руу шилжүүлсэн байдаг. 2014 онд ч гэрээ байгуулж байсан гэх мэдээлэл бий. Үндсэндээ хоёр удаа дараалж зээл авсан гэсэн үг. Тэд 2018 онд эргүүлж төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан ч дөрвөн жил хариуцлагаас зугтаж, төрийн мөнгийг эргүүлж төлөхөөс татгалзаж явжээ. 2014 он гэдэг нь Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдож, Хөгжлийн банкийг Н.Мөнхбат удирдаж байсан цаг үе.

Энэ үед тус бүр нь 200 тэрбумаар тоологдох есөн том чанаргүй зээлийг гаргасан бөгөөд экс удирдлагууд нь хууль хяналтын байгууллагаар удтал шалгуулсны эцэст хэргийг нь хэрэгсэхгүй болгож, тэднийг суллажээ. Нөгөөтээгүүр, 2014 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр Эдийн засгийн хөгжлийн яамнаас /сайд нь фортуна буюу Н.Батбаяр/ “Кью Эс Си” ХХК-тай “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх” 30 жилийн концессын байгуулж, тус гэрээгээр тусгай зөвшөөрлүүдэд хамаарах орд газруудад олборлолт явуулах, ашиглах онцгой эрхийг дангаар эдлэх, төслийн хүрээнд бий болох бүтээгдэхүүнийг бие даан захиран зарцуулах, үнэ ханшийг тогтоох, захиран зарцуулснаас бий болсон үр шимийг хүртэх зэрэг давуу эрхүүдийг бий болгосон байдаг.

Ингэснээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн бүх эрхийг эдлэхээр болж, 2014 оноос хойш төмрийн хүдрийн борлуулалт хийж байгаа юм. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн ТУЗ-ийн 2014 оны аравдугаар сарын 14-ны өдрийн хуралдаанаас гаргасан 08 дугаар тогтоолоор компанийн эрхийг “Кью Эс Си” ХХК-д шилжүүлэх шийдвэр гарч, ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг гарын үсэг зурж баталгаажуулж байжээ.

Энэ цагаас хойш тус компани нь Төмөртолгой, Төмөртэйн уурхайнуудаас олборлосон болон цаашид олборлох бүх төмрийн хүдрийг захиран зарцуулж буй атлаа төрийн хамаарал бүхий банкнаас авсан 200-хан тэрбум төгрөгийн зээлээ төлж чадахгүй өдийг хүрчээ гэдэг нь гайхмаар асуудал. 30 жилээр байгуулсан концессын гэрээний хүрээндээ 300 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх гангийн үйлдвэр барих амлалт өгсөн ч тэд ажлаа эхлүүлсэнгүй. Эсрэгээрээ хоёр уурхайг ухаж мөнгө хийсээр, харин өрөө таг чиг мартжээ.

“Сахал” Д.Эрдэнэбилэг ба “Кью Эс Си”-г хэн удирдаж байв

Хөгжлийн банкинд 200 тэрбум төгрөг өнөө маргаашгүй төлөх ёстой болоод буй “Кью Эс Си” компанийн талаар ухаж үзэхэд олон зүйл ойлгомжтой болно. Тус компанид эрхээ бүрэн шилжүүлсэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн ТУЗ-ийн дарга, ХХБ-ны эзэн “сахал” Д.Эрдэнэбилэгтэйгээ энэ компани ч шууд холбогддог. Тухайн үедээ толгой компани болох “Куалити Стийл”-ийн ТУЗ-ийн даргаар мөн л Д.Эрдэнэбилэг байсан бөгөөд Хөгжлийн банкнаас зээл авах, гэрээ байгуулах зөвшөөрлийг “Кью Эс Си” компанидаа олгожээ.

Харин Хөгжлийн банкнаас 71.3 сая ам.долларын зээл олгох ёстой гэсэн шийдвэрийг гаргасан хүн бол Эдийн засгийн хөгжлийн яамны ТНБД, Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар гэгч.

Тэрбээр, сүүлд нь ХХБ-ыг төлөөлж “Эрдэнэт” үйлдвэрийн Санхүү эрхэлсэн захирлаар томилогдож байв. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдан авах гэрээг “Монголын зэс корпораци”-тай байгуулж, төрийн төлөөлөгч томилох удирдамжийг Сангийн сайд асан Б.Болор нууцаар гаргах үед буюу 2016 оны зургадугаар сарын 27-нд Төрийн өмчийн удирдлага, бүртгэл тооллого хяналтын газрын даргын хувиар Б.Шинэбаатар мөн л томилогдож байсан түүхтэй. Д.Эрдэнэбилэг гэгч хаана, юунд оролцож байна тэнд Б.Шинэбаатарын нэр хавчуулагдаж байсныг эндээс харж болно. Хөгжлийн банкнаас зээл авахад хууль бусаар ирц бүрдүүлэн оролцсон гэдэг Ч.Отгочулуу гэгч нь өдгөө МИК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажилладаг ажээ.

Цаашлаад, МИК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж буй М.Мөнхбаатар нь “Кью Эс Си” компанийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд 10 хувийг эзэмшдэг гэхээр “Монголын ипотекийн корпораци” ч ХХБ ба Д.Эрдэнэбилэгийн хүмүүсээр дүүрсэн гэсэн үг. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байсан Э.Шижир ч өдгөө тус корпорацийн ТУЗ-д байна. Харин Зам тээврийн яамны сайд асан Д.Ганбатын хүү Г.Хүрэлбаатар 30 хувь, “ТДБ секьюритис” буюу Худалдаа хөгжлийн банк 30 хувь, Хөгжлийн банкны ажилтан А.Бат-Оргил 30 хувийг тус тус эзэмшиж байж.

Худалдаа хөгжлийн банк нь “Кью Эс Си” ХХК-ийг Хөгжлийн банкнаас зээл авахын өмнө 70 сая ам.доллар болон 18 тэрбум төгрөгийн өрийг нь шууд хааж, төрөөс зээл авах боломж олгохоос гадна Хөгжлийн банкинд баталгаа болгон ХХБ-наас 45 сая ам.доллар байршуулж өгчээ. Ингэж төрийн өмчит компани, Хөгжлийн банк, Монголбанкнаас увуулж цувуулан гурван жил цуглуулсан 400.270.000 ам.доллароор “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдан авсан гэдгийг ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илчилж байлаа. Тодруулбал, 2019 оны гуравдугаар сард хийсэн мэдэгдлийнхээ үеэр “Кью Эс Си” ХХК нь Монголбанкны өрийн бичиг 2014, 2016 онд тус бүр 100 тэрбум, Сангийн яамны викселээр 183.6 тэрбум, 2014, 2015 онд олгосон Хөгжлийн банкны 122.6 сая ам.доллароор “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг өөрийн болгосон гэх.

Үүнээс гадна Хөгжлийн банкинд мөн л 200 орчим тэрбум төгрөгийн өр төлөх ёстой, хэрэг нь шүүхэд буй “Хөтөл” ХХК  нь мөн л “сахал” Д.Эрдэнэбилэг ба түүний нөхдийнх. “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр” нь Хөгжлийн банкнаас зээл авах үед тус компанид Улсын дээд шүүхийн шүүгч асан М.Батсуурийн аав Д.Мишиг 20 хувь, Г.Энхбаяр 50 хувь, Р.Мөнхтуул  30 хувийг тус тус эзэмшиж байв.

2015 онд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт нараас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Төрийн өмчийн хорооны дарга асан Ц.Нанзаддоржийн гаргасан тогтоол ёсоор “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийг хувьд гаргаж, “Бэйзмент” компанид шилжүүлэх үед Г.Энхбаяр гэгч захирлаар нь ажиллаж байжээ. Харин тус компанийг өр төлбөртэй нь хамт өөрийнхөө барилга засвар, орчуулгын компани руугаа шилжүүлэн авсныхаа дараа “Хөтөл” ХХК хэмээн нэрийг нь өөрчилж, 62 тэрбумын өртөгтэй компаниа бэлэглэлийн гэрээгээр талийгаач М.Бөх-Очир гэгчид шилжүүлж байсан түүхтэй юм билээ.

М.Бөх-Очир нь ХХБ-д ажиллаж байсан, харин хүүхдүүд нь МИК /Монголын ипотекийн корпораци/-д өдгөө ч ажилладаг бөгөөд тус корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатартай ураг төрлийн холбоотой байсан гэх. Ашиггүй ажиллаж, нэгнээс нөгөө рүү бэлэглэлээр шилжиж, хувьд гарсан тус компанид Хөгжлийн банк 200 тэрбумыг итгэж шилжүүлснээс хойш мөн л зургаан жил өнгөрсөн ч төрийн өрийг барагдуулсангүй энд хүрлээ.

Үндсэндээ Хөгжлийн банкны чанаргүй гэгдэх голлох том зээлүүдийн ард  Д.Эрдэнэбилэг ба түүний нөхөд байгааг эндээс харлаа. Энэ мэтээр ТОСК, МАК, Эрэл, Бэрэн зэрэг тус бүртээ 200-гаад тэрбумын өртэй компаниудаас Хөгжлийн банк өдгөө ч өр зээлээ төлүүлж чадаагүй сууж байгаа нь Монголын эдийн засагт асар их хохирол учруулсан хэвээр.

Төрийн мөнгийг хууль бусаар ашиглажээ гэдгийг Улсын Дээд шүүх анх удаа ийнхүү баталж өглөө. Одоо тэрбум, тэрбумаар нь төмрийн хүдрээс ашиг олж буй “Кью Эс Си” компани зээлээ төлөх эсэхийг хүлээх л үлдэв. 2019 онд эхлүүлсэн луйварчидтай тэмцэх ажлаа ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тунчиг зоригтой үргэлжлүүлж, энэ мэт хулгайчдаас мөнгийг нь оруулж ирвэл туйлдсан эдийн засагт тун ч их хэрэгтэйсэн. Тэгэхийн тулд хамгийн эхлээд “Кью Эс Си”-гээс мөнгөө авмаар байна, Ерөнхий сайд аа.  

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн эрх шилжсэн тогтоол