ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Жавхлан: 2022 оны төсвөөр тэтгэврийг шууд нэмэх боломжгүй

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2022-01-19

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “2022 оны төсөв батлагдсанаас хойш 717 төслөөс 140 төсөл арга хэмжээний тендерийг зарласан байгаа нь маш хангалтгүй байна гэж үзсэн. Тиймээс төсвийн ерөнхийлөн захирагч нарт гуравдугаар сарын 1 гэхэд худалдан авах ажиллагааг хийх хугацаатай даалгавар өглөө. Засгийн газраас өргөн барьсан бүх төсөл, арга хэмжээнүүд тендер зохион байгуулахад бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Тиймээс зохион байгуулалтын арга хэмжээнээс хамаарна. Төсвийн ерөнхийлөн захирагч нар орон нутагт тендер зохион байгуулахдаа маш удаашралтай байгаа.

Өмнөх жилийн олон удаагийн хөл хориотой байсан бол энэ жил  шалтгаан тоочих эрх байхгүй юм. Нөгөөтээгүүр, инфляцийн хувь хэмжээтэй уялдуулж тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж байсан жишгийг үргэлжлүүлэхээр Засгийн газар дунд хугацаандаа төлөвлөсөн. 2022 оны төсвөөр тэтгэврийг шууд нэмэх боломжгүй.  

Гэхдээ тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ Засгийн газрын бодлогын тэргүүн ээлжид байна.  Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, олгох, бүртгэх журмыг баталлаа. Сонголтыг эцэг эхчүүдэд үлдээсэн. 18 нас хүртлээ мөнгөө хадгалбал 20-22 сая төгрөгийн мөнгөн хуримтлал үүсэх тооцоолол гарсан. Нийт 1.2 сая хүүхэд мөнгө авдаг ба өчигдрийн байдлаар 1.1 сая хүүхдийн мөнгөний сонголтыг хийсэн байна. Ер нь цаашдаа эцэг эхчүүдэд хүүхдийн мөнгөн хуримтлалынач холбогдлыг ойлгуулах нь чухал.

Хүүхдийн ирээдүйн сургалтын төлбөр болох төдийгүй хөдөлмөрийн гараагаа эхлэх гэх мэтээр хуримтлалтай иргэнийг бий болгоно.  Хүүхдийн мөнгөө Төрийн сан дээр хадгалах уу, эсвэл түүнээсээ татаж аван ашиглах уу гэдэг сонголт бий. Энэхүү шийдвэр нь 2022 оны долдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлээд цаашдаа 50 мянган төгрөг нь хадгаламж болох, үлдсэн нь дээрх сонголттой байх зохицуулалтаар явна” хэмээлээ.