ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий хоолой татах төслийн ТЭЗҮ-ийг эцэслэн баталгаажуулах Протоколд өнгөрөгч нэгдүгээр сарын 25-нд гарын үсэг зурсан билээ. Тэгвэл өнөөдөр төслийн дараагийн шат буюу Зураг төсөл, инженерийн хайгуул судалгааны ажлуудыг эхлүүлэх тухай гэрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар гарын үсэг зурлаа.
Гэрээний дагуу Инженерийн хайгуул судалгааны ажилд оролцох ОХУ-ын туслан гүйцэтгэгч байгууллагуудад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох, Ажлын байрны төлбөр хураамжаас чөлөөлөх зэрэг ажлыг ирэх 04 дүгээр сард багтаан хийх бол Төслийн хэрэгжилтийг төрөөс дэмжих цогц арга хэмжээний тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулж, батлуулах ажлыг 2023 оны эхэнд дуусгахаар төлөвлөжээ.
Мөн "Газопровод Союз Восток” ХХК, “Эрдэнэс Монгол” ХХК хамтран Инженер-геодези, инженер-экологи болон археологийн хайгуул судалгааг хийх бөгөөд энэ ажлыг ирэх 11 дүгээр сарын 30-ны дотор багтаан дуусгана. Харин Байгалийн хий дамжуулах хоолойн барилга байгууламжийг барихад зориулан газар олгох асуудлыг Монгол Улсын Засгийн газар 12 дугаар сард багтаан шийдэхээр тусгажээ.
Гэрээг үзэглэх үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан "Сибирийн хүч-1, 2 төсөлд ажилласан арвин туршлагатай компани энэ төслийн Инженер-геодези, инженер-экологи болон археологийн хайгуул судалгааг хийхээр болсонд баяртай байгаа. Монголын Засгийн газар энэхүү төсөлд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд 2022-2024 онд хийгдэхээр төлөвлөгөөнд туссан ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэхэд манай тал өөрөөс хамаарах бүхнийг хийх болно" хэмээв.