ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Бауыржаны бас нэгэн балаг дэлгэгдлээ, толгойг нь илсээр л байх уу

O.Admin
2022-03-04

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 22-ны өдөр буюу Наурызын баяраар Баян-Өлгий аймагт ажиллаж, “Шинэ сэргэлтийн бодлого”-оо тус аймагт танилцуулах бололтой. Гэвч очих аймгийнх нь Засаг дарга шинэ сэргэлт байтугай шинээр юу хийхээ ч мэдэхгүй нэг нөхөр суугаа гэдгийг мэддэг л байгаа даа.

Учир нь Өлгийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Бауыржаны хууль бус үйлдэл хэрээс хэтэрч, сүүлдээ бүр эрүүгийн хэрэгтнийг дэргэдээ зөвлөхөөр ажиллуулж, өөрөө аймагтаа гэхээс илүү Улаанбаатарт аль нэг даргын албан өрөөний хаалга сахиж, ажилтайгаа үлдэхийн тулд тал засаж суудаг болсон нь худлаа биш.

Засаг дарга Д.Бауыржан нь гаргасан шийдвэрээ зөрчиж архи ууна, бас болоогүй агсам согтуу тавина. Ажилгүйдэл ядуурал нь хэрээс хэтэрсэн, авлига нь чинээндээ тулсан аймагт нь АТГ-ын албан тушаалтнууд очихоор найр тавьж, найрлуулж цэнгүүлсээр байгаад аргалаад буцаагаад явуулчихна. Бас болоогүй “Бид авлигаас ангид ажиллана” гэж амлалт өгсөн гэх. Начир дээрээ харин нөгөөх АТГ-ын дарга нарын тоос нь далд ороогүй байхад л Д.Бауыржан хууль бус үйлдлээ хийж эхэлдэг нь худлаа биш билээ.

Өөрийн тойрон хүрээлэгчидтэйгээ нэгдэж нийлэн хууль бус зүйл хийсээр ирсэн, цаашдаа ч хийх нөхөр гэдгийг нь "tovch.mn" сайтад нийтлэгдсэн мэдээллээс харж болох нь ээ. Тодруулбал, нөхөр Д.Бауыржан нь өөрийн дотны найз Өлгий сумын Засаг дарга Д.Есболат, Аймгийн Боловсролын газрын дарга Г.Амантай нартай хамтран эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, нийтийн эдэлбэр газрыг хувийн компанид шилжүүлжээ.

Тодруулбал, өөрийн дотны найз, НАМЗХ-гоор дамжиж явахдаа танилцсан “ТММН” ХХК-ий захирал К.Нурболатад тавдугаар сургуулийн эзэмшилд байсан 490 м.кв газрыг 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр өгчээ. Энэ шийдвэрийг тэрбээр ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа гаргасан бөгөөд ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхгүй зөвхөн Тэргүүлэгчдийн хурлаар ярилцаад хууль бус тогтоол гаргасныг нь Д.Есболат албажуулж, дотны найзынхаа компанид 30 жилээр “бэлэглэсэн” байх аж. Ийм нэг дийлдэшгүй нөхөр Баян-Өлгийд эзэн суугаад удлаа. Бид дараагийн дугаарт Баян-Өлгий аймагт эрхэм Д.Бауыржаны олгосон хууль бус лицензүүдийн асуудлыг дэлгэн тавих болно.

МАН-ын хоёр дарга буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар хууль бус үйлдэлтэй хатуу тэмцэнэ хэмээн мэдэгдэх болсон. Тэгвэл энэхүү үйлдэлтэй нь хэрхэн тэмцэж, ямар хариуцлага хүлээлгэхийг харж сууя. Баяраар зорьж очсон даргыгаа Бауыржан гэгч эвийлсээр буцааж болох ч баян-өлгийчүүд харин таниас шударга ёсыг яаж хэрхэн мөрдүүлэх вэ гэдгийг харж суугаа шүү, Ерөнхий сайд аа.