ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Нямбаатар: Хөгжлийн банкинд хийсэн ажлын хэсгийн шалгалтын дүнг олон нийтэд ил болгоно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-03-09

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн гол асуудал нь 2016 онд Хөгжлийн банкинд хийсэн ажлын хэсгийн шалгалтын дүнг олон нийтэд ил болгох асуудал байлаа. 130 хуудас материал бий. Энэхүү шалгалтын үр дүнгийн дагуу ямар ажил хийгдсэн нь илүү тодорхой болно. 2016 онд Монгол Улс ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т орох хэлэлцээ хийж байсан. Тэр үед энэ ажлын хэсгийн дүгнэлтийг ил болгох нь ОУВС-тай хийх хамтын ажиллагаанд эрсдэл үүсгэхээр байсан учраас нууцалсан юм билээ" гэлээ

Мөн энэ өдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг тус тус хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Зөрчлийн тухай хууль 2017 оны долоодугаар сарын 1-нээс үйлчилж эхэлсэн. Зөрчлийн хуулийг анх боловсруулахад тухайн үед хэрэгжиж байсан 240 гаруй хуулийн хариуцлагатай холбоотой зохицуулалтуудыг нэгтгэж баталсан. Энэ удаад төр шууд торгодоггүй, шалган тусалдаг, зөвлөдөг байдлаар төслөө боловсруулсан бөгөөд ирэх пүрэв гарагт Соёлын төв өргөөнд олон нийтээр хэлэлцүүлнэ гэдгийг Х.Нямбаатар сайд тодотголоо.

Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн төслийн онцлог нь зөрчлийг шалгах ажлыг цахимаар хэрхэн явуулах вэ гэдэгт суурилсан. Зөрчил шалгах эрхтэй 11 мянган албан тушаалтан зөрчлийн дугаар авах гэж бүгд прокурорын байгууллага дээр дугаарлах шаардлагагүй. Зөрчлийн дугаараа цахимаар авдаг болно. Зөрчил шалгах ажиллагааны дийлэнх нь цахимаар явагддаг болно гэсэн юм. 

Манай яамнаас .