ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий хоёр компанийг битүүмжилжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-03-09

"Сахал" Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий “Кью Эс Си” ХХК  нь “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлаа санхүүжүүлэхээр 2014 онд зээлийн гэрээ байгуулах хүсэлтээ Хөгжлийн банкинд өгч байсныг бид өмнө нь мэдээлсэн билээ.

Улмаар, 2015 онд зээлийн гэрээ байгуулагдаж, 71.3 сая ам.долларын санхүүжилтийг Хөгжлийн банкнаас авсан ч өдгөө харин хамгийн том чанаргүй зээлдэгч болоод байгаа юм. Тэд 2018 онд эргүүлж төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан ч дөрвөн жил хариуцлагаас зугтаж, төрийн мөнгийг эргүүлж төлөхөөс татгалзаж явсан байх юм.  

Нөгөөтээгүүр, 2014 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр Эдийн засгийн хөгжлийн яамнаас /сайд нь фортуна буюу Н.Батбаяр/ “Кью Эс Си” ХХК-тай “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх” 30 жилийн концессын гэрээ байгуулж, тус гэрээгээр тусгай зөвшөөрлүүдэд хамаарах орд газруудад олборлолт явуулах, ашиглах онцгой эрхийг дангаар эдлэх, төслийн хүрээнд бий болох бүтээгдэхүүнийг бие даан захиран зарцуулах, үнэ ханшийг тогтоох, захиран зарцуулснаас бий болсон үр шимийг хүртэх зэрэг давуу эрхүүдийг бий болгосон байдаг.

Ингэснээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн бүх эрхийг эдлэхээр болж, 2014 оноос хойш төмрийн хүдрийн борлуулалт хийж байгаа юм. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн ТУЗ-ийн 2014 оны аравдугаар сарын 14-ны өдрийн хуралдаанаас гаргасан 08 дугаар тогтоолоор компанийн эрхийг “Кью Эс Си” ХХК-д шилжүүлэх шийдвэр гарч, ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг гарын үсэг зурж баталгаажуулж байжээ.

Энэ цагаас хойш тус компани нь Төмөртолгой, Төмөртэйн уурхайнуудаас олборлосон болон цаашид олборлох бүх төмрийн хүдрийг захиран зарцуулж буй атлаа төрийн хамаарал бүхий банкнаас авсан 200-хан тэрбум төгрөгийн зээлээ төлж чадахгүй өдийг хүрчээ.

Үүнээс гадна Хөгжлийн банкинд мөн л 200 орчим тэрбум төгрөгийн өр төлөх ёстой, хэрэг нь шүүхэд буй “Хөтөл” ХХК  нь мөн л “сахал” Д.Эрдэнэбилэг ба түүний нөхдийнх. “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр” нь Хөгжлийн банкнаас зээл авах үед тус компанид Улсын дээд шүүхийн шүүгч асан М.Батсуурийн аав Д.Мишиг 20 хувь, Г.Энхбаяр 50 хувь, Р.Мөнхтуул  30 хувийг тус тус эзэмшиж байв.

2015 онд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт нараас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Төрийн өмчийн хорооны дарга асан Ц.Нанзаддоржийн гаргасан тогтоол ёсоор “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийг хувьд гаргаж, “Бэйзмент” компанид шилжүүлэх үед Г.Энхбаяр гэгч захирлаар нь ажиллаж байжээ. Харин тус компанийг өр төлбөртэй нь хамт өөрийнхөө барилга засвар, орчуулгын компани руугаа шилжүүлэн авсныхаа дараа “Хөтөл” ХХК хэмээн нэрийг нь өөрчилж, 62 тэрбумын өртөгтэй компаниа бэлэглэлийн гэрээгээр талийгаач М.Бөх-Очир гэгчид шилжүүлж байсан түүхтэй юм билээ.

М.Бөх-Очир нь ХХБ-д ажиллаж байсан, харин хүүхдүүд нь МИК /Монголын ипотекийн корпораци/-д өдгөө ч ажилладаг бөгөөд тус корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатартай ураг төрлийн холбоотой байсан гэх. Ашиггүй ажиллаж, нэгнээс нөгөө рүү бэлэглэлээр шилжиж, хувьд гарсан тус компанид Хөгжлийн банк 200 тэрбумыг итгэж шилжүүлснээс хойш мөн л зургаан жил өнгөрсөн ч төрийн өрийг барагдуулсангүй энд хүрлээ.

Үндсэндээ Хөгжлийн банкны чанаргүй гэгдэх голлох том зээлүүдийн ард  Д.Эрдэнэбилэг ба түүний нөхөд байсан бөгөөд энэ асуудлаар нь АТГ-аас шалгалтын ажиллагаа явуулж, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" болон "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр"-ийг битүүмжилж, үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа аж. Мөн энэ хэргийн араас шалгалтын ажиллагаа явуулж, нэр бүхий хүмүүсийг шалгаж эхлээд буйг эх сурвалж мэдээллээ. Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчийн өөр нэг томоохон төлөөлөл нь “Бэрэн” групп бөгөөд тус группын барьсан барилгуудыг мөн битүүмжилж, захирлыг нь цагдан хориод байна.