ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

НОМЕР НЭГ СЭДЭВ: Улстөржихгүйгээр нэгдэх сэдэв нь хүнсний хангамж

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-05-13

Өнөөдрийнхөө “жижигхэн” улс төр, сошиал дагасан хөөсрөлд автсан монголчууд өдөр хоногийг сэдвээс сэдвийн хооронд сенсаац хөөх байдлаар өнгөрүүлж дадчихаж. Төрийн ордонд суугаа МАН, АН, ХҮН-ынханд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрхэн ямар замаар хийж, ирэх сонгуулиар хэдэн суудал ахиу авах вэ гэдэг л чухал болохоос гаднаа дайн байлдаантай, дотоододоо цар тахлын хор хөнөөл нь намжаагүй энэ улс цаашдаа ямар замаар хэрхэн урагшлах вэ гэдэг нь чухал биш болоод удав. Гэтэл гуравхан сая хүн амтай ч шийдэх ёстой асуудал нь 30-аас илүү тоологдож байгаа Монгол Улсад ганц нэгхэн хүн бодлого шийдэл яриад ямар ч нэмэргүйг та бид харж байна шүү дээ. Ерөнхий сайд нь авлигатай, Ерөнхийлөгч нь хүнс, архидалт, цөлжилттэй, УИХ-ын дарга нь Үндсэн хуулийн өөрчлөлт тойрч эргэлдэх гэх мэтээр тал талдаа асуудлаа тарамдаж шидээд байвал шийдэл бус шоу төдий болоод л өнгөрдөг. Тиймээс Төрийн гурван өндөрлөг нь ч улс орны эрх ашгаа, шийдэх ёстой асуудлаа эрэмблэх нь зүйд нийцэх асуудал болов.

Өнөөдрийн сэдэв Өөжгий Элбэгээгийнд очиж мах идсэн үү, эсвэл Со гавьяат руу гурил цацсан уу, бодис цацсан уу гэдгээс илүү бодлогын хэдэн асуудлаа бодитой шийдэхгүй бол бид цаашдаа ямар замаар яаж урагшлах нь тодорхойгүй болоод удаж байна. Тэдгээрийн нэг нь хүнсний аюулгүй байдал ба хангамжийн асуудал.

Та бидний өдөр тутмын амьдрал, гал тогоо, хөргөгч, өглөө босоод ирэхэд ширээн дээр байх хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хэрхэн хангах, гаднаас хэтэрхий хараат байдлаас хэрхэн гарах вэ гэдгийг ярих цаг нь болов. Монгол Улс гурван сая гаруй хүн амтай, 70 сая гаруй малтай, нэг сая гаруй тариалангийн талбайтай. Гэвч нийт тариалангийн газар нутгийнхаа ердөө 1-хэн хувийг л ашигладаг. Ургац сайтай жил улаанбуудай, төмсөөр дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангаж дөнгөдөг ч бусад хүнсний ногоо, нарийн ногооны хэрэгцээгээ 100 хувь хангаж чадахгүй гэдгээ цар тахлын хоёр жилд хангалттай харууллаа. 2021 онд гэхэд л 852 сая ам.долларын хүнс гадаадаас худалдаж авсны 91 сая ам.долларыг хүнсний ногоо, жимс, жимсгэнэд зарцуулжээ. Дэлхий дахинд хүнсний хомсдол нүүрлэж, хүнсний бүтээгдэхүүн 40-50 хувиар өслөө. 

Урд хөрш хилээ гурав хоног хаахад л улсаараа огурцы, помидорын эрэлд хатаж, 10 хоногийн дараа өндөг ховрын бараа болж буй инээдтэй, эмгэнэлтэй үйл явдлыг хангалттай харлаа, биеэрээ ч мэдэрлээ. Хил гаалийн хүндрэлтэй байдлаас болж бид кг огурцыг 15 мянган төгрөгөөр худалдан авч буй нь сэдэв биш гэж хэлэх хүн гарахгүй гэдэгт итгэж байна. Тиймээс л хэт хараат байдлаас хэрхэн гарах вэ гэдэг нь өнөөдрийн хувьд эрэмбэлэх ёстой сэдвийн эхний тав, бүр эхэнд нь байх  ёстой хэмээн сэтгэж суугаа юм. Монгол Улс хүнсний аюулгүй байдал, хараат байдлын тухай олон жил ярьсан. Үе үеийн Ерөнхийлөгч нарын ярьдаг, хэлдэг, бичдэг сэдэв.

Тухайлбал, хүнсний аюулгүй байдлын асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэлээд анхаарч энэ чиглэлд чамгүй олон ажил хийсэн юм билээ. Бид 2012 онд Хүнсний аюулгүй байдлын хуулиа баталж, Засгийн газрын дэргэд Ерөнхий сайдаар ахлуулсан Хүнсний аюулгүй байдлын зөвлөл ажиллана гэж заачихсан байв. Гэтэл хуулиа баталснаас хойш 10 жил өнгөрчхөөд байхад л ийм зөвлөлтэй эсэхээ ч мэдэхгүй явж байжээ.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажлаа авснаас хойш ийм зөвлөл байдаг гэдгийг мэдрүүлж, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хадгалалт хамгаалалт, дотоодын хэрэгцээг хангахын ач холбогдлын талаар ярьж эхлэв. Ерөнхийлөгчийн ивээл дор хүнсний хангамж, аюулгүй байдлын сэдвийг ярьж, “Атрын IV аян”-ыг төрийн дэмжлэгтэй хийхээр болсон нь ойрын арван жилдээ дуулдаагүй чих сортойх мэдээ болсныг нуух юун.

Харин үүнээс өмнө энэ салбарыг үндсэндээ мартчихсан байсан гэхэд болно. Төр зөвхөн улаанбуудайн дэмжлэг гэж тонн тутамд 60-70 мянган төгрөг өгөх байдлаар л аргацааж, тариаланчид өнөөдрийг хүртэл бор зүрхээрээ тулалдаж, бороо цастайд ч ажилласаар энд хүрлээ. Харин одоо тэд цөхөрч байна. Ган гачигтай жил тохиовол ургац алдсан эрсдэлээ тэд өөрсдөө үүрдэг. Гайгүй ургацтай жил тохиож ургацаа хураасан ч хадгалах агуулах савгүйгээс хямд үнээр ченжүүдэд тушаадаг, эс бөгөөс муутгаад хаядаг. Ургац арвин авахын тулд байр машин, байдгаа барьцаалаад ч зээл авч чадахгүй учраас байгаа санхүүндээ тааруулан үр авч тариалан эрхэлдэг хэцүү зовлон олонтой. Цаашдаа ийм байдлаар явах ёсгүйг, явж чадахгүйд хүрчихээд байна, тэд. Үүнд хэд, хэдэн учир шалтгаан бий

Нэгдүгээрт, гадна талдаа дайнтай, цар тахал намжаагүй байна

-Монгол Улс ургамлын тос болон цагаан будаагаа ихэвчлэн Украинаас нийлүүлдэг байв. Гэтэл тус улсад дайн гарсан, мөн ОХУ-ын нутаг дэвсгэрээр транзит тээвэр явахад хүндрэлтэй болчихоод байгаа. Ийм нөхцөл байдлаас үүдэн импортын бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэхгүй гэх баталгаа байхгүй. Тэр тусмаа монголчуудын өргөн хэрэглэдэг 100 хувь гаднаас хараат ургамлын тос, цагаан будааны хомсдол үүсэх эрсдэл байгааг Засгийн газрын хуралдаанаар ярилаа, бодлогын шийдэл ч яригдав. Мөн урд хөрш хилээ бүрэн нээгээгүй учраас 60 хувийг нь гаднаас авдаг нарийн ногоо, жимс жимсгэний хомсдол хаалга тогшсон хэвээр байна.

Хоёрдугаарт, экспорт зогсонги байдалд орчихсон

-Монгол Улс улаанбуудай, төмс, мах махан бүтээгдэхүүнээ бага хэмжээгээр ч болтугай экспортоор гаргаж, хүнсний салбартаа багахан ашиг олдог байсан. Гэвч урд хөрш хэдхэн хоногийн өмнөөс Монгол Улсаас мах авахаа зогсоох шийдвэр гаргав. ОХУ дайн байлдааны нөхцөл байдлаас үүдэн мөн л хилээ чангалснаар улаанбуудайгаа экспортод гаргах аргагүй болов. Хатуухан хэлбэл, бүх улс хаалга хааж, Монгол Улс гадагшаа гарах урсгалаа бүрмөсөн хаалгачхаад байгаа цагт хүнсний хомсдол, эс бөгөөс энэ салбарын уналтын үед одоо л ирж байна гэхэд хэтийдсэн дүгнэлт болохгүй. Тиймээс ч төрийн дэмжлэг одоо л хэрэгтэй болно. 

Гуравдугаарт, импортын барааны хяналт маш сул байгаа

-Үүнийг тариаланч, ногоочид, өндөгний бизнес эрхлэгчид 100 хувь дуу нэгтэй хүлээн зөвшөөрнө. Манайх цөцгийн тосоо дотоододоо 100 хувь хийдэг. Гэтэл оросын масло, транс тосны асуудлаа сонгууль бүрээр ярьдаг ч шийдэж чадсангүй. Сүү сүүн бүтээгдэхүүн, тараг, зайрмаг, пиченээ өөрсдөө 100 хувь хийх боломжтой. Гэтэл энэ төрлийн бүтээгдэхүүний импорт жил бүхэн өссөн үзүүлэлттэй гарч байгаа нь дотоодын хэдхэн аж ахуйн нэгжээ дарлаж буй үйлдэл. Дэлгүүрийн лангуун дээр жирийтэл өрчихсөн солонгос хямдхан сүүтэй Монголын хэдхэн сүүний үйлдвэр өрсөлдөж байна. Монгол Улс жилдээ 100-хан сая ам.долларын хүнсний бүтээгдэхүүн экспортолдог атлаа импорт нь түүнээс тав дахин их. Тиймээс дотоодын хэрэгцээг бүрэн хангаж буй аж ахуйн нэгжүүдээ бодлогоор дэмжих, хамгаалах, энэ төрлийн бүтээгдэхүүний татварын бодлогыг өөрчлөх цаг болжээ.

...Энэ мэт олон асуудлыг ярьж бичиж болох ч асуудлыг энд хүргээд зогсооё. Харин одоо шийдэл юу байх вэ гэдгээ ярих цаг болсон. Өмнө хэлсэнчлэн, төр огтоос хөдлөхгүй байгаа юм биш. Төрийн гурван өндөрлөгийн ядахдаа нэг нь энэ сэдвийг маш ихээр анхаарч буйд эгэл жирийн иргэний хувиар талархаж сууна. Гэхдээ төр хэтэрхий хойрго байна гэж хэлэх гээд байгаа юм. Ерөнхийлөгчийн ивээл дор болсон хүнсний хангамж, аюулгүй байдал сэдвийн хүрээнд газар тариалан, хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй эрхлэгчид чуулахад нөгөөх л 10 жилийн өмнө яригдаж байсан сэдвүүд дахиад л яригдав.

-Хөнгөлөлттэй зээл

-Мөнгөн урамшуулал

-Хүлэмжийн аж ахуйг дэмжих

-Үрийн үнэ хөнгөлөх

-Зориулалтын агуулах сав

-Улаанбуудайн нөөц

..Ийм хэдэн сэдвийг бид 10, 20 жил ярьсан. Гэтэл гурван хувийн хүүтэй, 380 тэрбумын зээлээр бид хүнсний хараат байдлаас ойрын таван жилдээ гарах уу гэвэл үгүй юм. Маргааш зуд болоход л банкны зээл эрсдэлд орж, авсан хүн нь арван тамаа эдэлнэ. Тиймээс илүү бодлогын зүйл ярих цаг нь болжээ.

Ядахдаа л төрийн дэмжлэгтэй олон улсын стандартад нийцсэн хүнсний  агуулах зоорины хүртээмжээ нэмэгдүүлье. Хүлэмжийн аж ахуйг хөдөө орон нутагт бодлогоор дэмжиж, тог цахилгааны хөнгөлөлт өгөх, нарийн ногооны үрийг хямдаар нийлүүлье.

Хүнсний улаанбуудайн нөөц бүрдүүлэх ажлаас гадна жимс, жимсгэний аж ахуй эрхлэгчдэд бодит дэмжлэг маш чухал боллоо. Хамгийн чухал нь газар тариалангийн нутгийн хөрсний бордоо, хөрс хамгаалах ажлыг нэн даруй эхлүүлж, газар тариалангийн талбайн ядахдаа 3 хувийг ашигладаг болчихвол дагаад тариалалт ч нэмэгдэж, тэр хэрээр импортын хараат байдлаас гарна.

Тэр тусмаа нарийн ногоо, жимс жимсгэнэ зэрэг гаднаас 100 хувь хараат ногоо тариалах хүсэлтэй иргэдэд газар үнэгүй олгох, хүлэмж барих зээл хөнгөлөлттэй олгох, үрийг үнэгүй, эсвэл хямд өгөх зэргээр бодлогын том дэмжлэг л хэрэгтэй байна. Цаашлаад усалгаа, органик бордоо, ажиллах хүчин гээд маш олон асуудлыг төр цогцоор нь шийдэж байж л бид хүнсний хараат байдлаас ангижирч, хомсдолд баяртай гэж хэлэх билээ. Эс бөгөөс хөнгөлөлттэй зээл, мөнгөн урамшуулал хэзээ ч энэ салбарыг хөл дээр нь босгохгүйг хангалттай харлаа. УИХ-ын чуулганы өнөөдрийн сэдэв ч энэ хүрээнд байгааг талархаж, дэмжиж сууна. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хүрээнд бодит шийдэл гаргана гэж найдаж суугаа олон хүн бий. Гагцхүү яриад өнгөрөх бус гарц шийдэл гараасай, бодлогын том асуудлаа шийдээсэй хэмээн залбирч сууя даа.