ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасангийн тэнэглэл

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-05-24

“Өөрсдөө хэмнэ” уриатай хоёр өдөр үргэлжилсэн залуусын жагсаалын үр дүнд Монгол Улсын Засгийн газраас хамгийн түрүүнд автомашины замбараагүй хэрэглээг хянах, Засгийн газар болон бусад агентлаг, байгууллагууд тансаг жип машинаас татгалзаж, орон нутгийн томилолтод явахдаа Засгийн газрын автобаазаас машин түрээслэх байдлаар асуудлаа шийдэх шийдвэр гаргасан билээ.

Тэгвэл энэхүү хэмнэлтийн бодлогыг ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан хэрэгжүүлэхдээ эгээ л шинэ машин албан хаагчдадаа бэлэглэж буй аятай тэнэглэсэн нь сошиал сүлжээнд олны элэг доог болж байна.

Тодруулбал, С.Мөнхнасан дарга хэлтсийн дарга нарынхаа унаж байсан Ланд круйзер 200, 76 автомашинуудыг инженер техникийн ажилтнуудадаа шилжүүлж өгөхдөө туузаар ороож, бараг л тэр туузаа хайчлах нь холгүй аашилж, бүр баяр ёслолын байдалтай хүлээлгэн өгсөн нь олны элэг доог болох шалтгаан болжээ.

Хэлтэс албад дотроо машин шилжүүлэх ажлаа төрийн хэмжээний том ажил, бүтээн байгуулалт аятай сурталчилж, туузаар баринтаглаж гардуулаад зогсохгүй, энэхүү ёслолыг тохиолдуулан хэлтэс албадын дарга, ажилчин албан хаагчдаа хүртэл шагнасан гэнэ шүү. Тун удахгүй газрын даргынхаа унаж байсан "Патрол", Дэд даргынхаа унаж байсан "Лексус-570" машиныг мөн шилжүүлэх бөгөөд энэ үеэрээ бараг л найр наадам хийх нь дээ, эрхэм дарга.